Диснейн алдартай хүүхэлдэйн кинонууд дээр гардаг алдаанууд

Бид бага байхаасаа Диснейн гайхалтай шидэт үлгэрүүдийг үзэж сонсож өссөн билээ. Үүнгүйгээр бидний хүүхэд насыг төсөөлөхийн аргагүй байдаг. Харин хүн бүрийн мэддэг Диснейн хүүхэлдэйн кинонууд ихэнх нь үлгэр эсвэл бодит амьдрал дээрх түүхээс сэдэвлэн бүтээгдсэн байдаг ч, зарим тохиолдолд зохиолыг өөрчилж үзүүлэх нь бий. Тэгвэл одоо та бүхэндээ Диснейн гаргасан хүүхэлдэйн кинонуудын түүхийг өөрчлөөгүй бол яг юу болох байсан тухай өгүүлье.

Покахонтис болон Жон Смит нарын хооронд хайр дурлал байгаагүй

Жон болон бусад Английн колончлогчид хүрч ирэх үед Покахонтис ердөө 11 настай байсан. Харин Жон 27 настай байсан бөгөөд уугуул Америкчуудад баригдаж, хэсэг хугацааг тэнд өнгөрөөх болсон бөгөөд тухайн үед тэд танилцаж, нэг нэгэндээ өөр өөрсдийнхөө хэлийг зааж байснаас, ямар нэгэн хайр дурлалын холбоо байгаагүй.

Покаонтис сүүлд Англи залуутай гэрлэсэн бөгөөд түүнийг Жон Рольфе гэдэг байсан аж. Мөн энэ нь хамгийн анхны Европ болон уугуул Америк хүмүүс гэрлэсэн тохиолдол болж бүртгэгдсэн байдаг. Үүнээс гадна түүний нэрийг Покахонтис биш Матоака гэдэг байжээ. Түүний гайхалтай түүхээс сэдэвлэж, Дисней кино компани тус киног бүтээсэн байдаг.

Муланы аав ээж түүнийг яах гэж явсныг мэддэг. Тэр гэрээсээ оргоогүй

Алдарт Мулан хүүхэлдэйн кино нь Мулан хэмээх эрэлхэг охины бодит түүхээс сэдэвлэсэн уран бүтээл билээ. Бодит амьдрал дээр түүний аав нь хөгшин настай, эрэгтэй дүү нар нь хэтэрхий балчир тул тэр гэр бүлээ төлөөлж, хүйсээ худал хэлж, армид элсдэг. Мөн тэрээр огтхон ч гэрээсээ оргоогүй бөгөөд түүний аав ээж охиныхоо төлөвлөгөөг мэдэж байсан төдийгүй аз хүсээд явуулдаг.

Мулан армид 12 жил зүтгэж, маш олон үнэ цэнэтэй шагналуудыг хүртсэн байдаг. Түүнийг эргэн ирэх хүртэл хэн ч түүнийг эмэгтэй гэдгийг мэдээгүй байсан гэдэг.

“Frozen” хүүхэлдэйн кинон дээр дүрүүд буутай байх ёстой байсан

“Frozen” хүүхэлдэйн кино нь 1839 оны үйл явдлыг үзүүлдэг. Харин тухайн үед хүмүүс хэдийн сэлмийг хэрэглээнээс гаргаж, буу ашиглаж сурсан байсан үе. Хэрэв энэ бүхнийг яг байгаагаар нь дүрслэн үзүүлсэн бол, хорон санаат ханхүү сэлэм биш буу гартаа барьж, Элса руу дайрах бөгөөд ингэснээр түүнийг хэдийн хороочих байсан аж.

Тиана ресторан нээж, ханхүүтэй гэрлэж чадахгүй байх байсан

Энэхүү кино нь 1900-аад оны эхээр Нью Орлеанс дахь амьдралыг харуулдаг бөгөөд тухайн үед Жим Кроу арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл хүчтэй явагдаж байсан. Тийм учраас өнгөт арьст охин (Тиана) өөрийн зоогийн газар нээх боломжгүй байсан төдийгүй улс хоорондын гэрлэлт хууль бус байсан тул Навинтэй гэрлэж чадахгүй байх байсан аж.

Аврора болон Фелипегийн бүжиг

Фелипе ханхүү, Аврора гүнжийн бэлхүүсээр гараа зөөлөн давуулан, уянгалаг хөгжийн эгшгинд бүжиглэж, кино дуусдгийг та санаж байна уу? Энэ хэсэгт хүн бүрийн сэтгэл хөдөлсөн нь гарцаагүй. Гэхдээ тухайн киноны үйл явдал өрнөсөн 14-р зуунд бүжиглэхдээ хосууд зөвхөн нэгнийхээ гарт хүрэх нь зөвшөөрөгдсөн байсан бөгөөд ийн бэлхүүсэнд хүрэх нь зохисгүй үйлдэлд тооцогдож байжээ.

Жасминий тохиромжгүй хувцаслалт

Жасмины энэ хувцаслалтанд мэдээж хүн бүр дуртай байх. Гоолиг бие галбир, үзэсгэлэнт төрх гээд түүнд өөлөх зүйл үгүй мэт. Гэвч хувцаслалт нь киноны үйл явдал өрнөх он цагт огт таарахгүй байх аж. Тухайн цаг үед бүсгүйчүүд биеэ бүтэн халхалж, зөвхөн нүдээ гаргадаг байсан гэнэ.

Алладины он цагт үл тохирох мөрөөдөл

Кино эхлэхэд Алладин Абуд хаан болж, харш ордонд амьдарна хэмээн мөрөөдлөө ярьдаг. Гэвч 19-р зуун хүртэл хэн ч язгуур угсаагаа өөрчлөх боломжгүй байсан бөгөөд ядуу төрсөн бол ядуугаараа дуусдаг цаг үе байсан аж. Хэн ч ийм зүйлсийг мөрөөдөн, ярих эрхгүй, зориг зүрх байдаггүй байсан гэдэг.

Геркулэсийн гарал угсаа

Кинонд өгүүлэхдээ Геркулес нь Зевс болон Хера нарын хүү хэмээн дүрсэлдэг. Гэвч домогт үүнийг арай өөрөөр хэлсэн байдаг. Геркулес нь Зевс болон мөнх бус амьт бүсгүйн дундаас төрсөн бөгөөд үүнд нь уурсаж хорссон Хера Геркулесийг үзэн яддаг, алахыг хүсдэг байсан аж.