Баян хүмүүсийг амжилтанд хүргэсэн өдөр тутмын зуршлууд

Дэлхийн хамгийн баян 26 хүний нийт хөрөнгө нь 3.8 тэрбум ядуу хүмүүсийн хөрөнгөтэй тэнцдэг. Харин энэ хүмүүс хэрхэн энэ асар их хөрөнгийг өөрийн болгож чадсан юм бол? Баячуудыг үзэн ядаж суухын оронд тэд чухам ямар зарчим мөрдөж энэ амжилтанд хүрснийг мэдэж авах хэрэгтэй. Магадгүй таныг хөрөнгө чинээтэй амьдрал руу хөтөлж ч мэдэх юм.

Өгч хуваалцах сэтгэл

Нийт баячуудын 79 хувь нь сайн дурын ажил хийж, ядууст тусламжын гараа сунгадаг. Хүн баяжих тусам нарийн, шуналтай болдог хэмээдэг. Гэхдээ өөрийн хүчээр бүхнийг босгож, хатуу хүтүүг туулж ирсэн баячууд огт тийм биш. Тэд амьдрал ямар гэдгийг сайтар ойлгосон байх учир бусадтай хуваалцах нь хэчнээн эрхэм нандин зүйл болохыг сайн мэднэ. Тийм ч учраас бусдад үргэлж буян хийдэг хүнд буцахдаа тэр нь хэд нугалж ирэн, ажил амьдралд нь ахиц гарч эхэлнэ.

Үгүй гэж бүү хэл

Та өдөрт хэдэн удаа үгүй гэж хэлдэг вэ? Бүх зүйлд үгүй гэхийн оронд “Тийм” гэж хэлээд үзээрэй. Амьдралд тань өөрчлөлт гарч, саяд ганц олдох боломжийг ч шүүрээд авч болно. Тиймээс зоригтой байж, эрсдлээс айх биш нүүр тулаад үзээрэй. Хүмүүсийн амжилтанд хүрсэн шалтгаан нь “Үгүй” гэж их зан гаргахын оронд тийм гээд бүхнийг туршиж үзэх байдаг.

Баяжихыг хүсвэл бүү хов ярь

Хов жив нь харилцааг сүйтгэж, таны амжилтанд хүрэх хаалгыг хаадаг. Баян хүмүүс бусдын ардуур хов ярихыг үзэн яддаг зуршилтай. Хэрэв танд хэн нэгэнтэй холбоотой асуудал гарвал, тэр хүн дээр очиж, тэдэнтэй шууд холбоо барьсан нь дээр. Ийм хандлага нь таны нэр хүндэд эерэгээр нөлөөлөх болно.

Мөрөөдөл биш зорилго тавь

Ядуу хүмүүс мөрөөдөж, баяжих хүмүүс зорилго тавьдаг. Зорилго тавьж, үүнийхээ төлөө алхам хийж эхлэх нь таныг сайхан ирээдүйд хөтлөх болно. Харин зорилгогүй зөвхөн мөрөөддөг хүмүүс зүгээр л ярихаас үл хэтэрнэ. Мөн тэд мөрөөдлийнхөө төлөө юуг ч үл хийнэ.

Баян хүмүүс сугалаанд хожно гэж итгэдэггүй

Баян хүмүүс аз болон сугалаа мэтийн зүйлсэд огт итгэдэггүй. Харин тэд зөвхөн өөртөө итгэж, урагш тэмүүлдэг. Сугалаанд итгэдэггүй гэдэг нь тэд эрсдэл гаргадаггүй гэсэн үг биш бөгөөд эсрэгээрээ тэд боломжтой зүйлс дээр үргэлж эрсдэл гаргаж, зоригтой үйлдэл хийдэг.

Тэд их уншдаг

Билл Гейтс жилдээ 50 ном уншдаг нь түүнд том давуу талыг өгдөг гэжээ. Ном унших нь амжилтын зам гэж ихэнх амжилтанд хүрсэн хүмүүс дурдсан байдаг.

Гэхдээ ном л бол ном гээд өөрийн уншсан хэдэн инээдмийн ном, хэнд ч ямар ч мэдлэг мэдээлэл өгч чадахааргүй номоо үүнд багтааж тооцох хэрэггүй. Та номноос ямар нэгэн юмыг мэдэж, сурч авч байх хэрэгтэй. Ингэснээр тэр нь утгаараа ном болж хувирдаг. Баян хүмүүсийн 11 хувь, ядуу хүмүүсийн 79 хувь нь энтертайнмэнт буюу мэдлэг болохгүй номыг уншдаг гэх судалгаа бий.

Бусдад өөрийгөө баян гэж харуулах шаардлага үгүй

Өөрийн хүчээр бүхнийг бүтээсэн ихэнх баячууд үнэтэй хувцас эдлэл, хэрэгсэлд мөнгөө үрдэггүй. Тэд бусдад өөрийгөө баян гэж харуулах ямар ч шаардлагагүйг мэдэх учир мөнгөө энд тэнд цацаж, тансаг спорт машин унаж, цонхоо онгойлгож, чанга хөгжим тавьж явахгүй. Харин ч эсрэгээрээ хангалттай мөнгөтэй бус хүмүүс хамаг зүйлсээ зарж, өр шир тавин байж, брэнд цүнх авч үүрдэг ядуу сэтгэлгээтэй.

Инээмсэглэл хамгийн чухал

Баячуудын 62 хувь нь өдөр бүр шүдээ утсаар цэвэрлэж, инээмсэглэлдээ анхаардаг. Тэдний хувьд инээмсэглэл бол амжилтанд хүрэх нэг түлхүүр юм. Хэрэв таны амнаас эвгүй үнэр гарч, шүд тань шар харагдаж байвал бизнесийн карьерт сөргөөр нөлөөлж болно.

Өр тавих нь ядуусын зан

Хүн өөрийн хэмжээндээ тааруулж, хэрэгцээгээ хангах хэрэгтэй. Хэмжээндээ таарахгүй хэт өндөр хэрэглээтэй байх нь хүмүүсийн өрөнд оруулж, баяжих замд саад болдог. Тийм ч учраас баячууд өрнөөс аль болох хол байхыг хичээж, үнэхээр шаардлагатай зүйл биш бол бусдаас мөнгө авах тал дээр эсрэг байр суурьтай байдаг.

Амжилтанд ганцаараа хүрэхгүй

Хүн ганцаараа амжилтанд хүрнэ гэж хэзээ ч байдаггүй. Тэдний ард заавал чадварлаг хамт олон, итгэлтэй хүмүүс байдаг. Тиймээс би ганцаараа чадна гэх омголон бодлоо хаяж, багаа бүрдүүлэх хэрэгтэй.