Хивс цэвэрлэх хялбархан бас үр дүнтэй арга

Та гэрийнхээ хивсийг яаж цэвэрлэдэг вэ? Ялангуяа нялх хүүхэдтэй эсвэл гэрийн тэжээвэр амьтантай айлуудад энэ асуудал хурцаар яригдана. Тогтмол цэвэрлэж байхгүй бол гүн тогтсон толбыг цэвэрлэж арилгах нь ажил тарах цагаар хотын түгжрэлийг байхгүй болгохтой ижил болж хувирна. Тэгвэл та бүхэндээ хямд төсөр болоод хялбархан аргаар хивс цэвэрлэх зааврыг хүргэхээр бэлтгээд байна.

Хэрэг болох зүйлс:

  • Цагаан цуу – аяганы гуравны нэг
  • Хүнсний сода – 1 халбага
  • Угаалгын нунтаг – 1 халбага
  • Ус – Ус нь халуун байх ёстой. Харин хэмжээний тухайд та өөрийн мэдрэмжээр тааруулаарай.

Орцуудаа хольж бэлтгээд, шүршигч саванд хийгээрэй. Эхлээд хивсний хогийг шүүрдэж эсвэл тоосыг соруулж цэвэрлэнэ. Дараа нь бэлтгэсэн цэвэрлэгээний бодисоо хивс рүү жигд цацаарай. Хэдэн хором хүлээсний дараа сойтгоор жигд дээрээс доош чиглэлд үрж, хир буртгийг арилгана.

Ингээд таны хивс хэдхэн минутын дараа цэвэрхэн болох бөгөөд шинэ мэт харагдана. Та энэ аргаар долоо хоногт нэг удаа хивсээ цэвэрлэж байгаарай. Ингэснээр таны хивсэнд нимгэн бохирдлууд нийлсээр хүндэрч, арилашгүй толбо үлдэхгүй бөгөөд таны хивс үргэлж цэвэрхэн харагдаж байх болно.