Оройн хоолонд идэж болох амттай халуун салат

Турахаар дэглэм барьж байгаа бүсгүйчүүд маань оройн хоолондоо юу иддэг вэ? Арай юу ч идэхгүйгээр, хоол идэж байгаа хүмүүсийг харж шүлсээ залгиж суудаг юм биш биз? Тэгвэл энэ нь тун ч буруу шүү. Идэх хүслээ барьж хорих нь таныг стресст оруулах бөгөөд үүнээс үүдэж, дааврын тэнцвэр алдагдаж, таргалалт эрчимтэй явагдаж эхэлнэ. Турахад хамгийн чухал зүйл нь сэтгэл санааны тогтвортой байдал. Тиймээс өөрийгөө тэгтлээ их зовоох хэрэггүй. Харин оронд нь илчлэг багатай, амттай, амин дэмтэй салат хийгээд идэж болно шүү дээ.

Орц:

  • Тахианы цээж мах – 400 гр
  • Ногоон шош (хөлдөөсөн эсвэл шинэ) – 400 гр
  • Улаан лооль – 2 ширхэг
  • Сонгино – 2 ширхэг
  • Сармис – 2 хумс
  • Оливын тос – 2 халбага
  • Килантро
  • Яншуй
  • Давс болон перец – амталгаагаар

Хийх арга:

Эхлээд тахианы цээж махаа хагас болгож аваарай. Дараа нь жижиглэн хэрчээд оливын тосонд хуурч, гаргаж цааш тавиарай.

Ногоон шошоо цэвэрлэж, 2-3 хувааж хэрчинэ. Үүнийгээ багахан усанд хийж буцалгаарай.

Сонгиноо хальсалж, хагас дугуй хэлбэртэй хэрчих бол, улаан лоолио голоор нь хувааж хэрчинэ. Сонгино болон улаан лоолио тахианы мах хуурсан тосондоо хийж хуураарай. Дээр нь хэрчсэн килантро, яншуй болон сармис хийх бөгөөд давс перецээ хийж амтлана.

Амталж хуурсан ногоо болон чанасан ногоон шошоо хамтад нь тахианы махан дээрээ хийж, дээр нь бага зэрэг ус нэмээрэй. Үүнийгээ гал дээр тавьж таглаад, 10-15 минут буцалгана. Ингээд л таны идэх амттай халуун салат бэлэн болох юм.

Энэхүү салат нь илчлэг багатай төдийгүй амт чанар сайтай, биед амин дэмтэй учир та хийж идэж байгаарай. Турж байгаа гээд амттай бүхнээс татгалзах шаардлага байхгүй шүү дээ. Гол нь та юу идэж байгаагаа анзаарч байхад л хангалттай.