Эцэг эх бүрийн хүүхдэдээ заавал зааж өгөх ёстой 8 зүйл

Эцэг эхчүүдийн үүрэг нь хүүхдээ дутагдах зүйлгүй өсгөх гэхээс илүүтэй ухаалаг хүмүн болгох гэдгийг өдгөө олон хүмүүс мартаж орхиод байна. Тэд мөнгөний хойноос улайран тэмцэж, хүүхдээ гэдэс цатгалан, мөр бүтэн байлгахад хамаг анхаарлаа хандуулдаг нь харамсалтай. Угтаа хүүхдэдээ илүү их цаг зав гаргаж, тэдэнд олон зүйлсийг тайлбарлаж, бусдын төлөө гэх зөөлөн сэтгэлтэй, ухаалаг нэгэн болгож хүмүүжүүлэх ёстой. Хэрэв та ч бас ажил ажил гэж гүйгээд, хүүхдэдээ хангалттай ихийг зааж сургаагүй бол анхаарлаа нааш нь хандуулаарай. Танд яг одооноос эхлэн хүүхдэдээ заавал тайлбарлаж, зааж, үлгэрлэж өгөх ёстой хэд хэдэн зүйл байгаа юм.

Хүүхдээ интернэт, цахим сүлжээнээс илүү байгальтай нөхөрлүүл

Хүн хаанаас үүсэлтэй, байгаль дэлхий тэдний хувьд ямар чухал зүйл болохыг хүүхдэдээ заавал тайлбарлаж өгөх хэрэгтэй. Тэдний ууж буй ус ундаа, идэж буй бүхнийг эх дэлхий бидэнд хайрлаж, олон хүний гараар дамжиж, хөдөлмөрийн амт шингэн ирж байгааг ч ойлгуул. Хүний хөдөлмөрийг, юмны үнэ цэнийг мэдрээгүй хүүхэд ирээдүйд бэлэнчлэх сэтгэлгээтэй, бусдаас хараат, мулгуу нэгэн болох аюултай юм. Тиймээс хүүхэдтэйгээ цагийг хамт байгальд өнгөрүүлж, олон зүйлийн учрыг тайлбарлаж өгөөрэй.

Хорт утаа багасах үед дэлхийн дулаарал удааширна гэдгийг тайлбарлаж өг

Өнөө цагт тулгамдаад буй томоохон асуудлын нэг нь яахын аргагүй дэлхийн дулаарал. Энэ үгийг олон хүмүүс сонссон байх боловч чухамдаа ухаж ойлгоогүй байдаг. Гэсэн ч та хүүхдээ бага гэж гололгүй энэ тухай тайлбарлаж өгөх үүрэгтэй. Агаарын бохирдол, агаарт тархсан машины утаа яаж дэлхийн дулааралд нөлөөлж, үүний томоохон бүрэлдэхүүн хэсэг болдог гэдгийг хэлж өг. Эцэст нь тэднээс бас бодлыг нь асууж, шийдвэрлэх арга замын тухай ярилцах хэрэгтэй.

Дусал усыг ч хайрла

Хүүхдэдээ гар нүүрээ угаах, шүдээ угаахдаа хэрхэн усаа хааж, хэмнэж байх тухай заавал зааж өгч сургах хэрэгтэй. Энэ нь таны эдийн засагт хэмнэлттэйгээс гадна эх дэлхийгээ хайрлаж байгаа нэгээхэн арга зам билээ. Хүүхдэд багаас нь усны үнэ цэнийг ойлгуулж, тэдэнтэй адил хэдэн мянган хүүхэд цэвэр усны гачигдалд орж, хэрхэн амьдарч байгаа тухай  ч бас ойлгуул. Ингэснээр хүүхэд илүү зөөлөн сэтгэлтэй, бусдыг гэх хайр нь ундарч, усаа ч хэмнэх болно.

Амьтдыг ч мөн хайрлах сэтгэл

Хүүхдийг амьтантай ойр байлгаж, тэднийг хайрлаж энэрэхийг сургаарай. Амьтан хайрлаж эхэлнэ гэдэг өөрөө маш том хичээлийг хүүхдэд олгодог жамтай. Иймд хүүхдээ багаас амьтантай ойр байлгаж, гэмтээж болохгүй, хайрлах ёстой, энэ дэлхий дээр зөвхөн хүн амьдардаггүй гэдгийг ойлгуулаарай.

Хогоо хогийн саванд хийх

Энэ бол заавал хүүхэд гэлтгүй хүн бүрийн сурах ёстой дадал. Хүүхэдтэйгээ хамт гадуур явахдаа үргэлж хогийг нь хогийн саванд хийлгэж сургаарай. Багаас нь зуршил болгочиход тэр хүүхэд ахин хэзээ ч хаана ч хогоо ил задгай хаяж чадахгүй.

Хамтдаа мод тарих

Мод бол бидний ирээдүй. Үүнийг хүүхдэдээ ойлгуулахын тулд хамтдаа мод тарьж байгаарай. Зүгээр суулгаад орхих биш, хамтдаа анхаарч, услаж, бас ургуулах хэрэгтэй. Бас нэг амийг ингэж хайрлаж тордох хүүхдийн зан төлөвт сайнаар нөлөөлнө.

Хэрэглээгүй үедээ гэрлээ унтраах

Ашиглаж дууссаны дараа гэрлээ унтрааж сурах нь хүүхдүүд бага наснаасаа цахилгаан, эрчим хүчээ хэрхэн хэмнэхийг ойлгох маш том үйл ажиллагаа юм. Энэ нь зөвхөн танай гэр бүлийн санхүүгийн хэрэгцээнд нэмэртэй биш бөгөөд эх дэлхийгээ ч хайрлаж байгаа нэгээхэн үйлдэл билээ.

Хог түүх олон нийтийн ажилд оролцох

Одооны эцэг эхчүүд хүүхдээрээ хог түүлгэнэ гэхээр санаанд нь буухгүй байх. Гэхдээ яагаад зун аялалд явсны дараа тэр хавиа хамтдаа цэвэрлэж, байгаль дээрх ил задгай хогийг түүж болохгүй гэж? Хог хаягдал байгальд хэчнээн хор хөнөөлтэй болохыг хүүхдэдээ заавал тайлбарлаж өгөөрэй. Дараагийн удаа тэр таниар хэлүүлэхгүй өөрийн санаачлагаар хог түүх, цэвэрлэх болно.