Ямар ч өөх тосны агууламжгүй шарсан төмс бэлтгэх жор

Хүүхдүүд шарсан төмс идэх дуртай шүү дээ. Гэсэн ч үүнд агуулагдах өөх тос зэргээс болж, аав ээж нар маань хүүхдэдээ өгөх дургүй байдаг. Тэгвэл өөх тосны агууламж багатай төмс өгвөл ямар вэ? Хүүхдээ заавал боож хорихгүйгээр хүссэн зүйлийг идүүлнэ дээрээс нь эрүүл мэндэд нь хор нөлөөгүй гэхээр гоё биш гэж үү? Одоо бүгдээрээ хамтдаа хэрхэн яаж төмсөө шарахыг сурч авцгаая.

Орц:

  • Төмс – 5-7 ширхэг
  • Өндөг – 2 ширхэг
  • Давс
  • Перец

Бэлтгэх арга:

Эхлээд төмсөө хальсалж бэлтгэнэ. Үүнийгээ 1 см хэмжээтэй хэрчиэрэй. Өндөгний зөвхөн цагааныг ялгаж авна. Үүн дээрээ давс, перец зэргээ өөрийн мэдрэмжээр хийж сайтар хутгана.

Ингээд хэрчсэн төмсөө өндөгний цагаандаа дүрж гаргаарай. Одоо төмсөө шарах шүүгээний тавиар дээр тарааж өрөх ёстой. Тэрнээс өмнө тавцан дээрээ калькин цаас дэлгэж тавих хэрэгтэйг мартуузай.

Тавцантай төмсөө шарах шүүгээндээ хийж, 200 хэмт 5-7 минут шараад гаргаарай. Ингээд л таны амттай шарсан төмс бэлэн болох юм. Хүүхдэдээ хийж өгч байгаарай.