Шинэ он гарахаас өмнө гэрээсээ гаргаж хаях ёстой зүйлс

Шинэ жилийн баяр хаяанд иржээ. Бид ахин нэг жилийг аз жаргалтай, алдаа оноотой өнгөрүүлж, амьдралынхаа нэг хуудсыг эргүүлэх цаг ойртсоор байна. Ирэх жилдээ хүн бүр л эрүүл саруул, амар тайван, амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсэх нь тодорхой. Гэхдээ тэр их азыг өөртөө авахын тулд таны хийх ёстой хэд хэдэн зүйлс бий.

Хэрэггүй цаасаа хаях

Танд хэрэгтэй үгүй нь үл мэдэгдэх хэдэн арван цаас хаа сайгүй хөглөрч байна уу? Жилийн турш хураасан баримтуудаа ч цэгцэлж хаях цаг нь болжээ.

Ямар төрлийн цааснуудыг хаях ёстой вэ?:

  • Хуучирсан баримтууд
  • Бараа бүтээгдэхүүний гарын авлага
  • Зар сурталчилгааны хуудас, товхимол
  • Хуучин ил захидал, сэтгүүл
  • Хэрэггүй баримт бичиг, гэрчилгээ

Яг одоо шүүгээгээ ухаж, хэрэггүй цаас бичиг баримтаа гаргаж хаяарай. Хадгалах хэрэггүй. Шинэ жилийг эмх цэгцтэй угтаарай. Энэ нь таныг ирэх жилд илүү их аз хийморьтой байхад тусална.

Эвдэрч, урагдсан зүйлсийг хаях

Хаяж чадахгүй ч, хэрэглэдэггүй зүйлс танайд олон бий юу? Засуулж хэрэглэнэ гэсээр зай бөглөж, тоосонд дарагдах зүйлс айл бүрт байдаг гэхэд хилсдэхгүй. Тэгвэл өнөөдөр эдгээрийг гаргаж хаях цаг иржээ. Хүн өнгөрсөнтэйгээ зууралдсаар байвал шинэ содон зүйлстэй, сайхан өнгөлөг бүхэнтэй таарч уулзалгүй зөрчихдөг гэдэг. Тиймээс хуучирсан эд зүйлсээ хаяхаас бүү эмээ. Учир нь таныг шинэ, илүү сайхан зүйлс хүлээж байгаа.

Хэрэггүй бэлэгнүүдийг хаях

Хүний өгсөн бэлгийг хаях хэцүү, хэрэглэх боломж олдохгүй байх тохиолдол их бий. Ялангуяа өнгөрсөн цагаан сараар айлаас бэлгэнд авсан зүйлсээ хэрэглээчгүй, хаяачгүй байдаг. Хэрэв тийм бол өнөөдөр л тэр бүхнийг цэвэрлэж, хаяхыг нь хаяж, хүнд өгөхийг нь өг. Гэхдээ эхлээд тэр хүнд хэрэгтэй эсэхийг асууж байгаад өгөөрэй. Эс бөгөөс тэр зүйл ахин нэг айлд хог болж хөглөрч мэдэх юм.

Ирээдүйд хэрэглэх зүйлсээ гаргах

Ирэх жил тураад яг таарна гэх хувцас эмэгтэйчүүдийн шүүгээнд олон жилийг үдсэн байдаг. Хэн ч өмсөхгүй, дэмий шүүгээнд гундаж байхаар таарсан нэг нь өмсөөд тэнэгэр алхаж байвал сайхан биш гэж үү? Та өөрт таарахгүй хувцас, цүнх, эдлэл хэрэгслээ гаргаж, таарах нэгэнд өгч, эсвэл хаяарай.

Ялангуяа:

  • Багадсан эсвэл томдсон гутал
  • Таарахгүй хувцас
  • Таны хэзээ ч зүүж чадахгүй гоёл

Эдгээрийг хадгалсаар моодноос гарч, хэнд ч хэрэггүй болохоос өмнө арга хэмжээ аваарай.

Дурсамж хадгалсан зүйлсийг хаях

Та дурсамжийг хаана хадгалагддаг гэж боддог вэ? Ихэнх хүмүүс үүнийг эд зүйлсэд хадгалагддаг хэмээн итгэж, гэртээ олон зүйлсийг хадгалж амьдардаг. Гэхдээ үнэн хэрэгтээ дурсамж гэдэг бидний зүрх сэтгэлийн нэгээхэн хонгилд амьдардаггүй гэж үү? Тиймээс одооноос дурсамж хадгалсан гэж итгэх эд зүйлсээ гаргаж хаяарай. Үнэхээр таны аав ээж, хайртай найз нөхдөөс ирсэн үнэлэшгүй зүйлс биш бол, гаргаж хаяхад буруудах зүйлгүй.

  • Хуучин найз залуу, охиныг санагдуулах эд зүйлс
  • Хуучны захианууд
  • Хүүхэд байхдаа тоглодог байсан тоглоом
  • Хуучны кино
  • Сувенир зэргийг гаргаж, гэрээ цэгцлээрэй.

Хэрэглэж магадгүй гэж хадгалсан зүйлсээ хаях

Хаях гэхээр хайран санагдаад хэзээ нэг өдөр хэрэглэх байх гэж найдаад хэчнээн зүйлсийг хадгалсаар амьдарч байна даа? Энэ нь танд нэг төрлийн хэмнэлт болно гэж найдах хэрэггүй. Зүгээр л танд хэрэггүй бол шулуухан хаячихаж бай. Гэртээ хог новш цуглуулж, овоолж байх юу нь сайхан гэж вэ?

Эдгээр хэрэггүй болсон зүйлсийг яах вэ?

  • Асрамжийн газар болон бусад сайн дурын байгууллагуудад хандив өгөх. Жишээлбэл, өмсөөгүй шинээрээ хувцас, багадсан гутал, үүрдэггүй цүнх зэргээ өгч болно.
  • Хуучин ном, сэтгүүлээ нийтийн номын санд өг. Мөн та зарим номоо хамгийн ойрын номын дэлгүүр дээр үлдээж болно.
  • Хэрэггүй болсон эд хэрэгслээ интернэт ашиглаж, хэрэгтэй нэгэнд нь зүгээр өгчих.
  • Мөн та өөрт таалагдаагүй бараа бүтээгдэхүүн, эд зүйлсээ интернэт ашиглан, давгүй үнээр зарчихаж ч болно шүү.