Бид яагаад хар дарж зүүдэлдэг вэ?

Хүн амьдралынхаа нийт 1/3-ийг унтаж өнгөрүүлдэг. Энэ үед тархи огт амралгүйгээр зүүд зүүдлэх процессийг эхлүүлнэ. Зүүдэндээ бид сайн найз, гэр бүлийнхнээсээ гадна сүүлийн 20 жил уулзаагүй мартах шахсан хөршийн хүн, ганц удаа л хараад өнгөрсөн байж мэдэх танихгүй нэгэн, эсвэл бүр огт царайг нь харж байгаагүй хүнээ ч зүүдэлдэг. Эд яг ямар учиртай вэ? Бид яагаад төсөөлж ч байгаагүй хачирхалтай, заримдаа бүр гажиг ч гэмээр зүүд үздэг юм бол? Хариултыг энэ мэдээллээс аваарай.

Бид яагаад этгээд, хачин зүүд зүүдэлдэг вэ?

Энгийнээр тайлбарлавал зүүдний төрлүүд нь тархины эд эсийн сэргэлт болон хөдөлгөөнөөс хамаардаг. Хэрвээ цөөн тооны эд эсүүдийн хөдөлгөөн сэргэг байдлаа алдвал тархи бүхэлдээ хяналтанд орж, ой санамжийн хэсгүүдтэй холбогдож, төсөөлөл болон дурсамжтай холилдон байж боломжгүй хачирхалтай зүүд зүүдэлдэг байна. Хүмүүсийн 2% нь л өмнө нь болсон явдлыг яг байгаагаар нь зүүдэлдэг бол үлдсэн 98% нь болсон явдлыг өөрчлөн өөрийн төсөөлөл, үзэл бодол, далд ухамсар дахь зуршил зэрэгтэйгээ нийлүүлэн зүүдэлдэг ажээ.

Дээр дурдагдсан тархины сэргэг байгаа эд эсүүд мэдрэлийн эд эсүүдтэй холбогдох үед хүн зүүдэндээ босч явах, ярих, юм идэх зэрэг хөдөлгөөн хийж эхэлдэг байна. Түүнчлэн хүн бүрэн унтсаны дараах 80 минутанд аниатай зовхин доор нүд чичирхийлж эхэлдэг. Энэ нь зүүдэлж эхэлсний шинж тэмдэг юм. 10-20 минут үргэлжлэх бөгөөд шөнийн турш хэд хэдэн удаа үргэлжилдэг байна.

Харин яагаад хар дардаг вэ?

Хүмүүсийн хамгийн түгээмэл зүүдэлдэг хар дарсан зүүд бол өндрөөс унах, машины осолд орох, үл таних зүйл эсвэл амьтанд хөөгдөх, амьтанд хазуулах зэрэг аж. Хар дарсан зүүд бол хүний тархин дахь инсула болон дунд хэсгийн кортекс хэмээх хоёр хэсэгтэй холбоотой. Тархины инсула нь хүн сэтгэл зовинох, айдаст автах үед хариу үйлдэл үзүүлэхэд бэлддэг, дунд хэсгийн кортекс нь аюул тулгарахад бие, сэтгэл зүйг удирдахад бэлддэг. Сэрүүн үед тохиолдсон санаа зовинол, дарамт, төвөгтэй асуудлыг тархи хадгалан авснаар шөнө нь зүүдэлдэг байна. Сонирхуулахад хар дарах давтамж нь өндөр хүмүүс асуудлыг хүндээр хүлээж авдаггүй, сэтгэл хөдлөлөө удирдаж сурсан хүмүүс байдаг гэнэ.

Ямар төрлийн зүүд зүүдэлж байгаагаа эргэн санаж, анхаарч чадвал танд юу хэрэгтэй байгааг мэдэж болно. Жишээ нь та ойр ойрхон ямар нэг зүйлээс зугтааж байна гэж зүүдэлвэл амьдралд чинь шийдэгдээгүй маш олон цаг нь тулсан асуудал байгаагийн шинж. Гэвч зүүдний талаарх судалгаа хангалттай биш бөгөөд тархины маш нарийн үйл ажиллагаа, хүн хүний сэтгэл зүйн онцлог, далд ухамсартай нягт холбоотой учир одоог хүртэл судлагдаагүй үлдсэн зүйлс ч зөндөө билээ.

Таны мэдлэгт зориулав:

Хамгийн дээд талдаа 11 хоног л нойргүй явж чадсан хэмээн рекорд тогтоогдсон аж. Гэвч энэ нь хүнийг шууд сэтгэцийн өөрчлөлтөнд оруулах аюултай үзэгдэл тул тогтмол нойр авч байгаарай.

Дэлхий дээрх хүмүүсийн 15 хувь нь унтаагаараа явдаг хүмүүс байдаг. Тэд гэр дотроо холхихоос гадна зарим нь бүр гудамжинд гарах, хэдэн арван км алхсан байх нь ч бий.

Хангалттай нойр авч чадахгүй үед хоолны дуршил ихэсдэг нь судалгаагаар тогтоогдсон. Хоолны дуршлыг тэнцвэржүүлж байдаг лептин хэмээх бодис нойр муу үед огцом унадаг аж.

Гүн нойрноос сэрсний дараах эхний 5 минутанд л бид зүүдэлсэн зүүднийхээ 50 хувийг мартаж орхидог. Ахиад 5 минут өнгөрөхөд бараг л юу ч санахаа больдог.