Гадаадад амьдардаг хүн бүрийн даван туулах шаардлагатай болдог бэрхшээлүүд

Сүүлийн жилүүдэд хөлтэй болгон л гадаад орныг зорихыг хүсэх болсон. Тэд харь улсад очиж хүсэл мөрөөдлөө биелүүлж, эрүүл аюулгүй амьдарч, илүү их боломжийг атгана хэмээн мөрөөддөг. Тийм ч болохоор гадагшаа оронд зорчих, амьдрах хүсэлт буюу виз мэдүүлж байгаагүй хүн гэж тун ч ховор болов уу. Харин таны мөрөөдөл болсон гадаад улсын амьдрал бодит байдал дээр ямар байдаг бол? Хүний нутагт хөдөлмөрлөж, ажиллаж яваа хүн бүрийн даван туулж гардаг 5 гол асуудлыг танилцуулж байна.

Хэлний бэрхшээл

Хэл бол харилцааг холбох гүүр болдог. Хүний нутагт очоод хамгийн түрүүнд хэлний асуудал гарч ирнэ. Ядаж л ганц сүү авах гэж дэлгүүр ороод худалдагчтай ойлголцох шаардлагатай болно. Харин энэ тохиолдолд хүссэн зүйлээ ойлгуулж ч чадахгүй, хэлгүй хүн мэт гар хуруугаа хий савчуулна. Аажим аажмаар энэ асуудал шийдэгдэх ч гэлээ, багагүй хугацааг хэлний асуудлаас болж, хэцүүхэн өнгөрүүлнэ. Ойр зуурын хэдэн үг сурч эхэллээ ч, өөрийн юу мэдэрч, юу бодож байгааг, дотоод ертөнцөд тань чухам юу өрнөдөг болохыг шинэхэн танил, найзууддаа хуваалцахыг хүсэх ч, чадалгүй хөндий хоосон нэгэн мэт сэтгэгдэл төрүүлж, шанална.

Соёлын ялгаа, дасан зохицох

Усыг нь уувал, ёсыг дага гэх үг байдаг. Хэрэв тухайн улсад амьдрахаар ирсэн бол, яг л тус улсын иргэн мэтээр сэтгэж амьдрах шаардлагатай болно. Би Монгол хүн, манай улсад ингэдэг гэхчлэн дасал болсон зүйлсээ хийхийг хүсэвч, та хүний нутагт байгаа гэдгээс болж, хүлэгдэж орхино. Улсынх нь ёс заншлыг дагахгүй гажиж, зөрүүдлэвэл таныг бүгд адлаж, илүү харж эхэлнэ. Яг л нийгмээс орхигдож, гадуурхагдсан мэт мэдрэмж хаа явсан газар дагаж, хүний нутгийн юм бүхэн хатуу санагдана. Гадаад амьдрахаар шийдсэн хүн бүхэн тухайн улсад уусан шингэж, тухтай амьдарч эхлэхийн тулд их хугацаа шаардагддаг.

Ганцаардал

Хамгийн том асуудал бол ганцаардал. Гэр бүл, найз нөхөд гээд хайртай бүхнээсээ холдож, ганцаараа харийн улсыг зорьсон хүн бүхний мэдэрдэг нэг зүйл бол ганцаардал. Таныг ойлгож, таны төлөө гэх хэн ч байхгүй, тэр бүү хэл таних ч хүнгүй, асуудал бүхнээ тоочиж, зөвлөгөө авдаг найз нөхөд чинь, алхам бүрт тань хамт байдаг аав ээж чинь алс хол байгаа. Ингэж бодох төдийд л давчдаж, би чухам энд юу хийж суугаа юм бэ, яагаад бусад шиг аав ээжтэйгээ, найзуудтайгаа хамт байж, өдөр бүр хайранд умбаж амьдарч болохгүй байгаа юм гэх гомдлыг мөрөөдөл, тэмүүлэл зогсооно.

Адаглаад бие өвдөхөд, эмнэлэг орох биш өөрийн мэдлээр аргалсаар эцэстээ бараг л эмч шиг болчихсон байна. Ханиаданд боогдож, халуураад хэвтэхэд аягахан шөл хийгээд өгөх ижий минь хажууд байсан ч болоосой хэмээн мөрөөсөж, аргасан хоолойгоо нулимсаар чийглэж, дотогшоо залгина. Энэ их шаналал, ганцаардал бүхнийг эцэж цуцашгүй даван туулсаар, сая нэг биеэ даасан, хүчирхэг нэгэн болж хувирдаг.

Хол зай

Хэдэн мянган милийн зайд байгаа таны ойр дотны хэн нэгэн өвдвөл эсвэл ямар нэг асуудал гарсан үед танд ердөө утасны цаанаас халаглан өнгөрөөхөөс өөр арга олдохгүй байх ямар хэцүү байдгийг эх орноосоо холдож үзээгүй ихэнх хүмүүс ойлгохгүй л болов уу. Дэмий дотроо шаналж, галзуурах дөхөж, бачимдаж. Ийм мэтийн асуудлаас болж, тэдний урсгасан нулимсыг хэмжиж үзвэл хэдэн арван литрд хүрнэ гэхэд хол зөрөхгүй л болов уу. Тийм ч болохоор гадаадад амьдарч байгаа хүмүүс хайртай гэр бүлээ, хамаатан садан, найз нөхдөө эрүүл саруул байгаасай хэмээн өдөр бүхэн залбирч, өөрөөсөө илүүтэйгээр хайрладаг.

Шинэ харилцаа үүсгэх

Шинээр амьдарч эхэлсэн тухайн газарт хүмүүстэй шинээр танилцаж, найз нөхөд болоход тийм ч амар биш байх нь тодорхой. Та хэдий эх орондоо тухайн улсын хэлийг сайн сурсан байж болох ч нутгийн аялага гэх мэт хэлний бэрхшээлтэй зайлшгүй нүүр тулах шаардлагатай болно. Наад зах нь ажлын тань хамтран ажиллагч нар дор хаяж сарын дараагаас л тантай гадуур хамт хооллож эхлэх бөгөөд тэр хооронд та ганцаардлыг маш ихээр мэдэрнэ.