Гарын унжсан махыг арилгах дасгал

Таргалахаар бугалга, гарын сул мах дагаад маш амархан нэмэгддэг, харин турахад үлдчихдэг. Эгч маань ойрхон хоёр дараалж төрөөд, багагүй жин нэмсэн. Багагүй ч гэж, бараг 20 кг жин нэмсэн байх. Хүн болгон л айхтар таргалсныг нь гайхаж, ёстой л сэтгэлийн дарамтанд ороод байсан ч, өөрийгөө дайчилж маш сайн турж чадсан. Гэвч түүнд гарын унжсан сул мах л үлдээд байсан юм. Бусад хэсгээрээ сайн турсан ч, гарын мах нь унжиж байсан тул би эгчдээ эдгээр дасгалыг зааж өгсөн. Хэдхэн удаа хийгээд л гарын булчин нь чангарч, унжсан өөх нь багасч эхэлсэн шүү. Одоо харин ямар ч унжсан илүүдэл хэсэггүй болсон.

Тиймээс би та бүхэндээ ч бас энэхүү дасгалыг зааж өгөхөөр бэлтгэлээ. Ердөө тавхан минут үргэлжлэх тул та хаана ч хийсэн болно.

Гараа эргүүлэх

Эхлэл байрлал: Нуруугаа тэгш зогсоод, хоёр гараа дэлгэнэ. Гар тань тэгшхэн, газартай паралелль байх ёстой.

Алхам:

  • Гараа тэгш сунгасан байдалтай хэвээр арагш тойрог хэлбэрээр эргүүлнэ.

Хугацаа: 30 секунд

Нисч байгаа гар

Эхлэх байрлал: Мөн д тэгшхэн зосч, гараа алдлан дэлгэнэ.

Алхам: Гараа хөдөлгөлгүй өөрийгөө нисч байгаа мэтээр төсөөлж зогсоно.

Хугацаа: Байрлалаа30 секунд хадгална.

Модон байрлал

Эхлэх байрлал: Зурагт үзүүлсэнтэй ижил байрлал авна. Өвдгөө хагас нугалж нийлүүлээд, гараа ардааа байрлуулж, биеийн жингээ төвлөрүүлэх хэрэгтэй.

Алхам: Тус байрлалаас өгзөг хэсгээ дээш өргөж, буцааж буулгаж дасгалаа хийнэ. Ингэхдээ өгзөг ташаа хэсгээ газарт хүргэж болохгүй анхаараарай.

Хугацаа: 30 секунд

Суниалт

Эхлэх байрлал: Доош харж хэвтээд, хоёр гараараа газар тулж, биеэ дээш өргөнө.

Алхам: Эхлэх байрлалаас цээжин хэсгээ доош болгож, суниана. Ингэхдээ таны мөр, нуруу, хөл нэг хэмд байх ёстой анхаар. Ийн дээш доош болж суниагаарай.

Хугацаа: 30 секунд

Дээш доош

Эхлэх байрлал: Босч зогсоно. Гараа дэлгээд, тохой хэсгээ нугалж, алгаа цээжиндээ ойртуулна.

Алхам: Хүнд зүйлийг доош дарж буй мэтээр төсөөлж, хоёр гараа доош буулгана. Одоо буцаад хүнд зүйлийг дээш түлхэж буй мэтээр төсөөлж, хоёр гараа дээш өргөнө.

Хугацаа: 30 секунд

Цээжин даралт

Эхлэх байрлал: Яг залбирч байгаа мэт хоёр алгаа хавсарна. Гараа цээжин хавьцаа байрлуулаарай.

Алхам: Гараа дээш доош өргөж, буулгана.

Хугацаа: 30 секунд

Хайчин дасгал

Эхлэх байрлал: Нуруугаа цэх зогсож, хөлөө нийлүүлнэ. Гараа урагш нь дэлгэж зогсоорой.

Алхам: Эхлэх байрлалаас хоёр гараа зөрүүлж, хайч мэт хөдөлгөнө.

Хугацаа: 30 секунд

Супермэн дасгал

Эхлэх байрлал: Доош харж хэвтээд, хоёр гараа урагш сунгаж байрлуулна.

Алхам: Гар болон хөлөө зэрэг дээш өргөнө. Ингэхдээ толгойгоо мөн дээшлүүлээрэй. Таны толгой болон гар нэг түвшинд байх хэрэгтэй. Байрлалаа 2 секунд хадгалаад, эхлэх байрлал очоод, ахин дасгалаа хийнэ.

Хугацаа: 30 секунд