“Шоудахдаа” цүнхэндээ заавал байлгах зүйлс

“Шоудах” гэхээр ихэнх хүмүүс буруугаар ойлгох хандлагатай байдаг. Дотны найз нөхөдтэйгээ цагийг хөгжилтэй өнгөрөөж чадаж байвал түүнийг “шоудах” гэж харин би хувьдаа ойлгодог юм. Уушийн газрууд, ресторан лоунж, үзвэр тоглолтын газрууд болон шөнийн клубт орохдоо биеэ соёлтой авч явж, бусдад төвөг учруулахгүй байвал өөрт болон хөндлөнгийн хүмүүсийг хүндэлж буй хэлбэр юм. Харин ингэхийн тулд таны цүнхэнд дараах зүйлс заавал байх ёстой:

1. Утасны цэнэглэгч

Утасны цэнэглэгч, залгуур, эсвэл зөөврийн цэнэглэгчээ ямагт цүнхэлж явах хэрэгтэй. Гар утас хүйтэнд хөрч унтрах, санаандгүй байдлаар гадуур хонох болоход шүдний сойзоос илүү гар утасны цэнэглэгч л аминд орох болно.

2. Гаа эсвэл бохь

Согтууруулах ундаа хэрэглэсний дараа эсвэл тамхи татдаг хүмүүс “шоудах” үедээ амаа цэвэрхэн байлгах, бусдад эвгүй сэтгэгдэл үлдээхгүй байх нь зохимжтой.

3. Хамгаалалт

Өөрийгөө болон эсрэг хүйстнээ хүндэлж, хамгаалалт хэрэглэж, авч явж заншаарай.

4.  Хөлс дарагч

Цүнхэнд явахад авсаархан хөлс дарагч юмуу үнэртэй ус цүнхэлж явснаар хүсээгүй үеэс эвтэйхэн мултарч чадна. Шөнийн цэнгээний газарт хүн ихтэй, халуун учир цүнхэлсэн үнэртэн чинь хэрэг болох нь дамжиггүй.

5. Онцгой тохиолдолд хэрэглэх бэлэн мөнгө

Огт санаандгүй байдлаар та картныхаа хугацаа дууссаныг мэдээгүй, үйлчилгээний газруудын POS машин ажиллахгүй байх, ойрхон бэлэн мөнгөний машин олдохгүй байх, түрийвчээ хаях гэх мэт гэнэтийн явдлуудад хэрэглэх илүү мөнгийг болж өгвөл түрийвчнээсээ өөр газарт хийгээрэй.

6. Шарталтаас сэргийлэх

Сэтгэл хөдөлгөм зугаатай үдшийн маргааш орноосоо өндийх тэнхэлгүй болохыг хүсэхгүй л биз дээ? Тэгвэл шарталтаас сэргийлэх бэлдмэл, элэг хамгаалах эм зэргийг согтууруулах ундаа хэрэглэхээсээ өмнө уугаарай. Найзуудтайгаа уулзахын өмнө цүнхэлсэн нь таны аминд орно шүү.