Мах, төмсөөр хийж болох хамгийн амттай хоолны жор

Та бүхэндээ гэгээн хайрын баярын мэнд хүргэе. Амраг хайртдаа гэнэтийн бэлэг барих тухай бодсоор унтаж ч чадахгүй өглөөтэй золгосон уу? Тэгвэл та бүхнийхээ баяр дээр баяр нэмэх амтат хоолны жорыг хүргэхээр бэлтгээд байна. Хийхэд үнэхээр хялбархан төдийгүй амт нь юутай ч зүйрлэхийн аргагүй учир танд болон таны хайртад таалагдана гэдэгт итгэлтэй байна шүү. Олон юм бодолгүй, өнөөдөр хийгээд үзээрэй.

Орц:

  • Төмс – 5-6 ширхэг
  • Татсан мах – 350 гр
  • Будаа – 2/3 аяга
  • Лууван – 1 ширхэг
  • Сонгино – 1 ширхэг
  • Ургамлын тос
  • Сүү – 1 стакан
  • Сүүн крем – 2 халбага
  • Улаанлоолийн паста – 2 халбага
  • Давс, хар перец, улаан перец

Эхлээд будаагаа агшааж бэлтгэнэ. Төмсөө хальслаад, дугуй хэлбэртэй хэрчиж, усанд хийж тавиарай. Энэ нь төмсийг харлахаас сэргийлэх юм.
Сонгиноо шоо дөрвөлжин хэрчиж, луувангаа үрээд хамтад нь ургамлын тосонд хийж хуурна. 2-3 минут хуураад гаргаарай. Ингээд татсан мах, агшаасан будаа, хуурсан ногооны 2/3-ийг хольж базаад, дээр нь давс, перец зэргээ хийж амтлаарай.

Базсан махаа бөөрөнхийлж бэлтгэнэ. Тэнцүү хэсгүүдэд хуваасан байх ёстой. Сүүн крем, улаан лоолийн паста болон сүүгээ хольж бэлтгэнэ.

Шарах шүүгээний тавцангаа тосолж бэлтгээд, уснаас шүүж гаргасан төмсөө ёроолд нь тавьна.

Төмсөн дээрээ бөөрөнхийлж бэлтгэсэн махаа тавьж, завсраар нь үлдсэн төмсөө жигдхэн хувааж байрлуулаарай.

Одоо үлдсэн багахан хуурсан ногоогоо махан дээрээ тараан цацна. Ингээд хоолоо 180 хэмд 40 минут шарахад хангалттай. Хэрэв танайд багахан бяслаг байгаа бол хоолоо гаргахаас 10 минутын өмнө хоолон дээрээ бяслагаа үрээд цацаж тараагаад, буцааж шарах шүүгээнд хийнэ.

Ингээд л таны амттайхан баярын хоол бэлэн болох юм. Харин хэрхэн таваглаж, чимэглэхийг таны ур ухаан л мэднэ дээ.