Эцэг эхчүүд хүүхдээсээ тусдаа хоёулханаа цагийг өнгөрүүлэх нь хэдэн сая гэрлэлтийг авардаг

Хосууд эцэг эх болсны дараа нэгнээ хайрлаж халамжлах нь багасч, нэг ёсондоо тэдний хосын харилцаа хүндхэн байдалтай болж ирдэг. Тэдэнд ирэх асар их хариуцлага, үр хүүхэд нь тэдний амьдралыг улам бүр завгүй болгох учир тэд эцэг эх гэдгээс амраг хосууд гэдгээ бараг л мартахад хүрсэн байдаг. Үүнээс болж харилцаа хөрч, ихэнх гэр бүл салах дээрээ тулж, нэгнээсээ хайр халамж мэдрэхгүй амьдрахын оронд ганцаараа байхыг илүүд үзэх нь бий.

Тэгвэл хосууд маань эцэг эх гэдгээ түр ч атугай мартаж, хоёулахнаа цагийг хамт өнгөрүүлж, романтик болзоонд явж байх хэрэгтэй. Энэ нь гэрлэлтийг хамгаалж, тус гэр бүлийг илүү халуун дулаан уур амьсгалтай болоход туслах аж.

Эцэг эхээс гадна нэг хүний эхнэр, нөхөр гэдгээ сана

Та хоёр зөвхөн хүүхэдтэй болох гэж гэрлэсэн гэж үү? Хүүхэд бол хайрын баталгаа болохоос биш, хосуудыг нэгнээ мартахад хүргэх дарамт биш. Тиймээс үргэлж өөрийгөө эх хүн, эцэг хүн гэж харахаас илүүтэй, хувь хүн гэдгээ ч бас санаж байх хэрэгтэй. Гэр хүүхэд, ажил гэж гүйсээр амьдрал тань зүгээр л нэг тэмцээн, уралдаан, тэмцэл мэт санагдаж, сүүлдээ залхаж шаналж эхэлнэ. Энэ бүгдийг та л өөрчилж чадна гэдгийг сана. Хайрттайгаа хамт романтик болзоонд яв, хоёулахнаа байж болох цагийг гарга. Энэ үед та эргээд өнгөрсөндөө очсон мэт санагдаж, гээчихээд байгаа өөрийгөө олж мэднэ.

Хамтдаа хөгжилд, хэт сайн байх гэж өөрийгөө зовоох хэрэггүй

Ээж хүн гэхээрээ, аав хүн гэхээрээ үргэлж зөв хийж, үргэлж ухаантай байж, үргэлж төгс байх ёстой гэсэн үг биш. Тиймээс тэр их шаналал, хариуцлагаа түр зуур нуруун дээрээсээ авч буулгаад, хүүхдүүдээ найдвартай хүнд орхиод, насан туршдаа хамт байхаар сонгосон нэгэнтэйгээ аялалд гараарай. Заримдаа амьдралд багахан завсарлага хэрэгтэй байдаг. Тэрийг хэрэгтэй цагт нь авахгүй бол, нэг л мэдэхэд гэр бүлийн амьдрал дуусахад хүрчихсэн байх талтай. Таныг энэ бүхнээс аварч, таныг ойлгох цор ганц хүн бол таны эхнэр, нөхөр гэдгийг санаж, үргэлж ярилцаж байгаарай. Гэхдээ зөвхөн хүүхдүүд, ирээдүйн талаар биш, өөрсдийнхөө тухай ярь.

Хүүхдэдээ ч бас гэрлэлт ямар чухал болохыг ойлгуул

Хүүхдээ багаас нь зөв хүмүүжилтэй болгохыг хичээж байгаа биз дээ. Тэгвэл таны тэр хүмүүжлийн гол хэсэг нь гэрлэлтийн тухай ойлголт байх ёстой. Аав нь ээжийг нь хэчнээн их хайрлаж, ээж нь аавыг нь яаж хүндэлж байгааг харж өссөн хүүхэд маш зөөлөн сэтгэлтэй, ухаалаг төдийгүй бусдыг хайрлаж энэрч мэддэг нэгэн болж хүмүүжнэ. Тийм ч учраас тэдний амьдрал мөн адил аав ээж шигээ үргэлжлэх болно.

Үргэлж хайраа мэдрүүл

Хайраа илэрхийлэхэд заавал тийм их цаг шаардана гэж үү? Өглөө ажилдаа гарахдаа эхнэрээ үнсэж, орой ажлаасаа ирэхдээ ганц ширхэг сарнай бариад ирэх тийм хэцүү гэж үү? Цаг ямагт хайраа мэдрүүлж, яг л шинэхэн хосууд мэт аашил. Энэ л таныг аз жаргал дунд хөлбөрч амьдрахад тусална. Мөн цаг ямагт ярилцаж, жижиг асуудал гэлгүй хамтдаа шийдэл хайж байх нь гэр бүлийг амар тайван байх гол үндэс болно.

Эцэст нь хэлэхэд хүүхэд хэчнээн хайрламаар, хэчнээн нандин эрхэм байлаа ч, тэдний сүүдэрт эхнэр, нөхөрөө бүү дараарай. Өөрсдийн романтик харилцаагаа ч тэднээр бүү эвдүүл. Хэдэн нас хүрсэн ч хамаагүй, хайр хөгширдөггүй учир үргэлж өөрсдийнхөө төлөө шийдвэр гаргаж, цагийг хамт өнгөрүүлж байгаарай.