Зөвхөн Английн хатан хааны ордонд л байдаг хачирхалтай мэргэжлүүд

Английн хатан хааны ордон буюу Букенхамын ордон нь Английн Вистменстэр хотод байрлах хааны төв ордон юм. 1703 онд баригдсан нийт 775 өрөөтэй уг ордонд хатан хааны гэр бүл амьдарч, тэдэнд үйлчлэх олон хүмүүс ажилладаг. Тэдгээр ажилчдын дунд сонирхолтой ажил мэргэжлүүд цөөнгүй байх аж. Үүнд:

Нууц үдэшлэг зохион байгуулагч

Букенгамын ордон зуны 6 болон 7-р саруудад хөл хөдөлгөөн ихтэй байдаг. Энэ үеэр язгууртан, алдартнууд голдуу цугларсан үдэшлэг, хүлээн авалтууд ар араасаа цуварна. Эдгээрийг ерөнхийд нь зохион байгуулах ажил үүргийн хуваарьтай бөгөөд хатан хааны ордны аж ахуйг хариуцдаг “Lord Chamberlain”-ийн хэсэгтэй байнгын холбоотой ажилладаг байна.

Титмийн дархан

Хатан хааны одоогийн титэмийн дарханаар Марк Апплбай гэдэг хүн ажилладаг гэнэ. Хатан хааны бүх титмийг шинээр урлах, хуучныг нь хариуцахаас гадна аль титэмийг ямар онцгой үйл явдалд тохируулан хэрэглэх талаар зөвлөгөө өгдөг аж.

Ордны одон оронч

Хатан хааны угсаатны одон оронч гэдэг нь Их Британийн хамгийн нэр хүндтэй эрдэмтэн, одон орон судлаачийн хүндэтгэл нэр юм, ер нь бол билэг тэмдэг төдий л гэсэн үг. Анх 1675 онд II Чарльз хааны үед энэхүү цол хэргэмийг олгож эхэлсэн аж. Харин одоогийн язгууртны одон орон судлаачаар Мартен Риз хэмээх эрдэмтэн ажиллаж байна.

Язгууртнуудын гутал өмсөгч

Хатан хаанаас авахуулаад гүнж нар, охидын гутал хэр хөөрхөн, дэгжин харагдана тэр чинээгээр хөлд эвгүй байх магадлалтай. Тиймээс аливаа уулзалт, баяр наадамд зориулсан шинэ гутлыг язгууртнууд шууд өмсөж хөлөө холгуулахаас сэргийлж, эхлээд өмсөн хэвшүүлж, хөл барихааргүй болгодог ажил үүргийн хуваарьтай хүнийг “Гутал өмсөгч” гэж ойлгож болно. Энэхүү ажлын орон тоо 2000 онд анх гарсан байна.

Ачааны хөлөг онгоцны ахмад

Хатан хааны ордонд хамгийн эртнээс байсан мэргэжлүүдийн нэг бөгөөд одоо ерөнхийдөө билэг тэмдэг төдий үлджээ. Учир нь Английн зүүн эргээр даган урсдаг Тэймс голд өдгөө боомт гэж байхгүй болсонтой холбоотойгоор энэ мэргэжлийн утга учир ч хувьсан өөрчлөгджээ. Өмнө нь ачааг буулгаж, хатан хааны ордонд оруулах зөөх үүрэгтэй байсан бол харин одоо усан онгоцоор ирж буй зочдыг хүлээн авах, үдэж гаргах гэх мэт ажлыг хийдэг болжээ. Тэдний жилийн цалин ердөө 3,5 фунт буюу 120 мянган төгрөг аж.

Мах зорогч

Хөгжилтэй сонсогдож байгаа ч тэд энэхүү мэргэжилд удам дамжиж ажилладаг, нилээдгүй нэр хүндтэй хүмүүсийн тоонд зүй ёсоор багтана. Хатан хааны гэр бүлийнхний өдөр, оройн зоог болон онцгой үйл явдалд зориулсан зоогны махыг зорж, бэлдэх бөгөөд тэднийг “Grand Carver of England” буюу хөрвүүлбэл Английн Их Зорогч хэмээн цоллодог ажээ.

Адуучин 

“Master of the Horse” нь язгууртан гэр бүлийнхний онцгой тохиолдолд унах морьдийг сургаж бэлддэг. Энэхүү мэргэжил нь тэртээ 14-р зууны үеэс эхтэй.

Хатан хааны тугчин

Хатан хааныг эзгүй байх үеэр далбааг мандуулах болон буулгах үүрэгтэй энэхүү мэргэжил нь 1997 оноос эхтэй. 1997 онд Диана гүнжийг нас барахад ганц Их Британи ч биш, дэлхий нийтээрээ гашуудахад хатан хааны ордны далбаа хагас буулгасангүй хэмээн олон нийт ихэд бухимдсан байдаг. Орон даяар гашуудал зарлах үед далбаагаа бүр мөсөн биш, хагас буулгадаг учиртай ажээ. Харин тэр цагаас хойш хатан хааныг ордондоо эзгүй байх юмуу, орон даяар гашуудал зарлах үед ийнхүү далбаагаа хагас буулгадаг ёс тогтжээ.

Хун “хариулагч”

(Хонь хариулагч гэж сонссоноос биш хун хариулагч гэж үнэндээ анх удаа л сонсож байна шүү.) Хатан хаанд маш олон хун бий. Гэрийн тэжээвэр амьтан шиг сургаад байхгүй ч хотын нуур тойром дахь тэмдэглэгээгүй хун шувууд зөвхөн хатан хааны мэдлийн амьтад ажээ. Энэ мэргэжлийг дотор нь 2 ангилна. Хун шувууг хатан хааны мэдлийнх, улсын мэдлийнх гэж ангилж тэмдэглэх үүрэгтэй нэг мэргэжил, тэрхүү ангилсан хатан хааны мэдлийн шувуудыг тэжээж хариулах бас нэг мэргэжил. Ерөнхийдөө тэд хоёул хун шувуудын тооллогыг тогтмол хийж, тэдний аюулгүй байдлын хангах үүрэгтэй.

Хатан хааны хөгжимчин

1625 оноос хойш одоог хүртэл хүчинтэй хэвээр буй энэ мэргэжлийн гол үүрэг нь улсын хэмжээний үйл явдалд тохиромжтой хөгжмийн цуглуулгыг гаргах аж. 10 жил тутамд хатан хааны хөгжимчин солигдох ёстой бөгөөд дараагийн хөгжимчин 2024 онд товлогдоно.

Хатан хааны уран зургийг хариуцагч

Язгууртнуудын угсааны бүхий л уран зураг, баримал нь Хатан Хаан II Элизабетийн мэдлийнх. Хэдэн сая фунт стерлингээр үнэлэгдэх эдгээр урлагийн хосгүй бүтээлүүдийг хатан хааны уран зураг хариуцагч байнга хариуцах үүрэгтэй. Бүтээлүүдийн цэвэр болон аюулгүй байдлыг хариуцахаас гадна бүхий л засвар, нүүлгэлтийг ч мөн давхар хариуцна.

Шотландын уран барималч

Язгууртан угсааныхан амьд ахуйдаа ч өөрсдийн хөрөг барималтай болох бүрэн эрхтэй. Тэгвэл тэдний гэгээн дүрийг уран баримал болгох хүнийг “Шотландын уран барималч” хэмээх тусгай цолоор дууддаг аж.

Цаг хариуцагч

“Horological Conservator” буюу Монголоор цаг хариуцагч гэх ойлголттой утга дүйнэ. “Хорологи” гэдэг нь дижитал цаг гарахаас өмнө, цаг хугацааны хэмжилзүйг судалдаг шинжлэх ухааны төрөл бөгөөд хачирхалтай нь Букенхамын ордон болон Виндсорын цамхаг зэрэг язгууртан гэр бүлүүдийн амьдардаг ордон дотор дижитал цаг байхгүй, харин эрт үеийн цаг хэмжлээрээ явдаг аж. Эл мэргэжилтнүүд эрт үеэс улбаатай 50 гаруй цагийг зуны болон өвлийн цагийн тоололд шилжүүлж, засварыг нь хариуцаж ажилладаг байна.

Бишгүүрч

Сэрүүлэгтэй цаг гарахаас өмнө бишгүүрээр хүмүүсийг сэрээдэг тухай сонсож байсан байх. Тэгвэл хатан хааны ордонд энэхүү мэргэжил одоо ч гэсэн байдаг. Хатан хаан II Элизабет өглөө бүр бишгүүрийн дуугаар сэрдэг гэнэ шүү. Анх 1843 онд хатан хаан Викториагийн үеэс эхлэлтэй энэ ажилд нийт 15 бишгүүрч бүртгэгдсэн байдаг бөгөөд ажлын өдрөөр 9 цагт 15 минутын турш бишгүүрээ үлээж хатан хааныг сэрээх ёстой байдаг аж.

Марк хариуцан цуглуулагч

Хатан хааны язгууртан удмынхан 1890 оноос хойш цугларсан захидлын маркын арвин их цуглуулгатай.  Энэхүү цуглуулгын он дарааллын дагуу цэгцтэй хадгалах, дэлхийд ховордсон маркуудыг олж ирж, цуглуулганд нэмэх зэрэг үүргийг марк цуглуулагч хариуцдаг байна.

Босоо ятгачин

Гэхдээ зөвхөн Вэльсийн ханхүүд зориулан хөгжмөө тоглох үүрэгтэй тул хатан хаанд харьяалалгүй цөөн ажилтнуудын нэг. Ханхүү Чарльз босоо ятгын аялгуунд маш их дуртай бөгөөд 1871 онд хатан хаан Викториагийн зарлигаар болиулсан байсан энэ орон тоог 2000 онд ахин сэргээжээ.

Хатан хааны цэцэгчин/ботаникч

анх 1699 оноос эхлэлтэй ч 1956 онд хүндэт тусгай хэргэм олгогдсон энэхүү мэргэжил нь хатан хааны ордны цэцэрлэгийг бүрэн хариуцаж, ордны үзэмжийг гойд харагдуулахад анхаардаг ажээ.

Ордны цагаан хэрэглэлийн нярав

Ор дэрний цагаан хэрэглэл, ширээ сандалны бүтээлэг, хөшиг гээд л даавуун материалтай бүхий л ахуйн хэрэглэлийг хариуцан сольдог хүн.