Долоо хоногт гурван удаа гурвалжин будаа идвэл таны биед юу болох вэ?

Гурвалжин будаа нь өөртөө агуулах витамин, амин дэм, эрдэс, ашигтай нүүрс ус зэргээс үүдэж, биед ашиг тустай хэмээгддэг. Үүнийг хэрэглэж үзсэн хүмүүс дуу нэгтэй хүлээн зөвшөөрнө. Харин зөвхөн биед сайн гэх үгээс хэтрэхгүй, үүнээс илүүг мэдэхгүй бол бидний бэлтгэсэн мэдээлэлд анхаарлаа хандуулаарай. Бид танд гурвалжин будаа чухам биеийн аль хэсэгт хэрхэн нөлөөлдөг тухай мэдээллийг хүргэж байна.

Жинг бууруулна

Гурвалжин будаа нь илчлэг багатай учир жингээ хасахаар төлөвлөж байгаа хүмүүст хамгийн тохирох хүнс юм. 100 гр гурвалжин будааг буцалсан усанд дэвтээгээд идэхэд ердөө 110 ккал илчлэг агуулдаг. Тиймээс цагаан будаанаас татгалзаж, гурвалжин будааг хоол хүнсэндээ түлхүү хэрэглэж байгаарай. Мөн энэ нь гэдэс цэвэрлэж, хоол боловсруулах системийг давхар дэмждэг учир богино хугацаанд биеэс хорт бодисыг гадагшлуулж, тураах болно.

Цусны судасны байдлыг сайжруулна

Гурвалжин будаанд агуулагдах “Рутин” хэмээх витамин нь цусны судсыг бэхжүүлж, цус алдах зэрэг аюулаас сэргийлдэг. Мөн хагалгаа, мэс ажилбарт ороод удаагүй хүмүүс, жирэмсэн эхчүүдэд тус хүнсийг түлхүү идэхийг зөвлөдөг. Үүнээс гадна цусны эргэлтийг дэмжиж, муу холестриныг бууруулдаг байна.

Эрч хүчийг нэмэгдүүлнэ

Мах болон загасны маханд агуулагдахтай адил амин дэмийг өөртөө агуулдаг гурвалжин будаа нь таныг эрч хүчтэй байхад тусална. Зөвхөн эрч хүчийг нэмэгдүүлээд зогсохгүй стресс бухимдлыг тайлж, амар тайван болгох аж.

Тайвшруулж, сэтгэл санааг өөдрөг болгоно

Гурвалжин будаа нь төв мэдрэлийн системд эерэг нөлөө үзүүлж, стресс бухимдлыг тайлж тайвшруулна. Мэдрэл болон сэтгэцийн эмч нар сэтгэл гутралд орсон өвчитнүүддээ гурвалжин будаа идэхийг зөвлөдөг. Энэ нь зөвхөн мэдрэлийн системд сайнаар нөлөөлөөд зогсох бус тархины үйл ажиллагааг ч идэвхижүүлдэг байна.

Хоол боловсруулах системийг дэмжинэ

Ходоод гэдэсний асуудалтай хүмүүс гурвалжин будааг түлхүү хэрэглэж байх хэрэгтэй. Гурвалжин будаанд агуулагдах цитрусийн болон маликийн хүчил нь хоолны шингэцийг сайжруулдаг. Никотиний хүчил нь бодисын солилцоог сайжруулж, эслэг болон цардуул нь өтгөн хаталтыг эмчилж, гүйлгэлтийг зогсооно. Ерөнхийдөө гурвалжин будаа идсэнээр ходоод гэдэсний хорт хавдраас сэргийлж чадах юм.

Арьс, үс болон хумсыг эрүүлжүүлнэ

Гурвалжин будаанд агуулагдах Е витамин нь үс болон арьсны уян хатан байдлыг хариуцаж, торгомсог зөөлөн болгоно. Харин рутин нь нарны хурц туяанаас арьсыг хамгаалах бол, манган нь цусны эргэлтийг дэмжиж, арьсыг эрүүл, сэргэг харагдуулна. Мөн антиоксидант нь хөгшрөх явцыг удаашруулна.

Үүнээс гадна А, В витамин болон зэс нь үсний ургалтыг дэмжих бол, кальци нь шүд, яс, хумсыг бат бөх болгоно.

Цусан дахь сахарын хэмжээг бууруулна

Хэрэв таны цусан дахь сахарын хэмжээ өндөр бол гурвалжин будааг идэж хэрэглэж байгаарай. Энэ нь гликемик индекс бага байдаг учир цусан дахь сахарын хэмжээг бууруулна.