Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан тусгай тоглоом үйлдвэрлэж эхэлжээ

Олон жилийн турш хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд нийгмээс гадуурхагдаж амьдарсаар ирсэн. Тэдний тухай хүүхэлдэйн кино, зохиол дээр өгүүлэхгүй, тэдэнтэй адил эсвэл тэдэнд зориулсан тоглоом ч гэж байдаггүй. Харин энэ бүхнийг олж харсан “ToyLikeMe” гэх байгууллага хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулан тэдэнтэй ижил тоглоом үйлдвэрлэх санааг гаргажээ. “Хүүхдүүдэд өөрсдийг нь нийгмийн гаж үзэгдэл биш, та нар ч бас байгалийн нэг хэсэг, бусдаас дутах зүйлгүй гэдгийг ойлгуулахын тулд энэ төрлийн тоглоомыг үйлдвэрлэсэн байна. “

Тус төрлийн тоглоом нь энгийн хүүхдүүдэд ч мөн олон зүйлийг ойлгуулж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хараад гайхаж, зарим нэг талаараа нүд үзүүрлэхээс сэргийлж байгаа юм.

2015 оны 4-р сард Их Британийн сэтгүүлч Ребекка Аткинсон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан тоглоом дутагдалтай байгаа асуудлаар #ToyLikeMe аяныг эхлүүлсэн. Тэд олон нийтийн сүлжээнд энэ талаар тайлбарлаж, чухам ямар тоглоом тэдэнд тохирох талаар санал асуулга явуулжээ.

Энэ кампанит ажил олны анхаарлыг ихээр татсан бөгөөд ердөө 2 долоо хоногийн дараа ажлыг санаачлагчид 3D хэвлэмэл тоглоом үйлдвэрлэдэг компанитай холбоо тогтоож, шинэ хүүхэлдэй бүтээхээр тохиролцов. Хөгжлийн бэрхшээлтэй анхны тоглоомууд ингэж үйлдвэрлэгдэж эхэлсэн байна.

Хөгжлийн бэрхшээлтэй 150 сая орчим хүүхэд байдаг бөгөөд тэдний цуглуулж чадсан мөнгө нь хүүхэд бүрт хүрэлцэх тоглоом үйлдвэрлэхэд хангалтгүй байв. Гэхдээ тэд бууж өгөөгүй бөгөөд сошиалд илүү их нийтэлж, томоохон тоглоом үйлдвэрлэгч компаниудтай холбогдохыг хичээсэн байна.

Харин энэ саналыг “Lego” компани хүлээн авч, 2016 онд анхны тэргэнцэртэй тоглоомыг гаргасан ба тус компаний энэхүү үйлдлийг бусад тоглоом үйлдвэрлэгч компаниуд ч даган хөдөлж эхлэв.

#ToyLikeMe-ийн эрхэм зорилго нь дэлхийн тоглоомын салбарт тасралтгүй нөлөөлж, сургуулийн сургалт семинар, олон нийтийн үзэсгэлэн худалдаагаар дамжуулан мэдлэгийг түгээх, дэлхийн өнцөг булан бүрт байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд хүрч, тэдэнд өөрийгөө хайрлах хэчнээн чухал болохыг ойлгуулах юм.