Онгоцонд яагаад гутлаа тайлж болохгүй вэ?

Онгоцонд суусан даруйдаа гутлаа тайлж, тухладаг хүмүүс байдаг. Гэхдээ таны энэ үйлдэл хэчнээн бүдүүлэг, дээрээс нь эрсдэл дагуулахуйц гэдгийг мэдэх үү? Мэдэхгүй хүмүүст зориулж, онгоцонд яагаад гутлаа тайлж болохгүй шалтгаануудыг тайлбарлан хүргэж байна.

Мэдээж маш бүдүүлэг хэрэг

Ихэнх онгоц зорчигчдоо хангалттай хэмжээний хувийн орон зайг гаргаж өгдөггүй. Тийм байхад та ганцаараа давуу эрх эдэлж, гутлаа тайлж, тухлах тухай бодоод ч хэрэггүй. Таны эрх, бусдын эрхээр хязгаарлагдах бөгөөд бусдын ая тухыг алдагдуулалгүй явах нь бас таны нэгээхэн үүрэг болж ирнэ. Мэдээж нислэгийн компанид онгоцонд гутлаа тайлахыг хориглосон заалт байхгүй ч гэлээ, энэ нь таны ухамсар, соёлтой холбоотой асуудал юм.

Онгоцноос буухдаа гутлаа буцааж өмсөх тийм ч хялбар байхгүй

Нислэгийн үеэр бидний бие махбодид даралтын улмаас тодорхой өөрчлөлтүүд гардаг. Чих дэлсэх, хоол хүнс өөрөөр амтагдах, гар, хөл хавагнах магадлалтай гэсэн үг юм. Тиймээс та онгоцонд орж ирээд гутлаа тайлсан бол, буцаагаад өмсөхөд хөл тань хавагнасаны улмаас буцаж орохгүй, багагүй асуудал үүсгэх магадлалтай.

Таны эрүүл мэндэд ч сөрөг нөлөө үзүүлж болно

Мэдээж нислэгийн үеэр та угаалгын өрөө орох шаардлагатай болно. Энэ үед та дахиад л гутлаа өмсөх хэрэг гарах тул зарим хүмүүс шууд л хөл нүцгэн угаалгын өрөө рүү яваад орчихдог. Угаалгын өрөө хэчнээн цэвэрхэн харагдаж байлаа ч, таны өмнө ямар хүн орсныг тааварлах боломжгүй учир төрөл бүрийн бактер нуугдаж байж болох юм. Үүнээс болж та төрөл бүрийн халдварт өвчнөөр өвчлөх эрсдэл бий болно.

Яаралтай тусламжийн үед асуудал үүсч болзошгүй

Үргэлж аливаа эрсдлийг тооцоолох хэрэгтэй. Муугаар бодоход хэн нэгний бие муудаж, яаралтай түргэн тусламж авах хэрэгтэй болоход хүмүүсийн тайлсан гуталнууд хөглөрч, явах замд саад болж ч болно шүү дээ.

Байж болох өөр нэг сонголт

Үнэхээр та гутлаа тайлахыг хүсч, хөлөө бага ч гэсэн амраамаар санагдаж байвал, гутлаа тайлж болно. Гэхдээ оймсоо ядаж өмсөх хэрэгтэй шүү. Удахгүй бага зэрэг хөлөө амраасны дараа гутлаа буцааж өмсөөрэй.