Үсийг амархан тослогтоход хүргэдэг 7 шалтгаан

Бидний хуйх нь үсийг хамгаалж, чийгшлийг хадгалж байх үүднээс тос үйлдвэрлэж ялгаруулдаг. Харин илүүдэл тос ялгарснаар үс хагтах, тослогтох гэхчлэн төрөл бүрийн асуудал үүсч эхэлнэ. Тэгвэл та үүнийг гэрийн нөхцөлд шийдвэрлэж, тослогийн хэмжээг тохируулах бүрэн боломжтой. Голчлон таны өдөр тутамдаа хийдэг буруу үйлдэл хуйхыг илүүдэл тослог үйлдвэрлэхэд хүргэдэг гэдгийг ойлгож, цаашдаа анхаарч байхад хангалттай юм. Ингээд хамтдаа үс тослогтоход хүргэдэг шалтаануудтай танилцъя.

Үргэлж үсээ чанга боодог

Үсээ дээш нь шууж боох нь тослог үсийг халхлах нэгээхэн арга болдог. Гэхдээ үсээ тогтмол чанга дээш боох нь үсийг улам илүү тослогтоход хүргэнэ. Ялангуяа үсээ төгс харагдуулж, ямар ч өрвөгөр сөрвөгөр байлгахгүйн тулд бүсгүйчүүд төрөл бүрийн тос, лак, цацлага зэргийг ашигладаг бөгөөд энэ нь тослог ихээр үүсэх нөхцлийг бүрдүүлдэг.

Яах хэрэтэй вэ?: Үргэлж үсээ гоё харагдуулах гэж хэт их хичээж, төрөл бүрийн үс арчилгааны бүтээгдэхүүн хэрэглэхээ боль. Заримдаа үсээ сул тавьж, амьсгалуулж байх хэрэгтэй.

Үсээ хүйтэн усаар зайлдаггүй

Халуун ус нь нүх сүвийг нээж, бохирдлыг гадагшлуулах ач тустай боловч зарим нэг талаараа хуйхыг хэт хуурайшуулж, тослогийг ихээр үйлдвэрлэхэд хүргэж, хагтуулж мэднэ.

Яах хэрэгтэй вэ?: Үсээ шампунь ашиглаж угаах болон ангижруулахдаа бүлээн ус ашиглаж болно. Харин үсээ зайлахдаа хүйтэн ус ашиглаж байгаарай.

Тохирохгүй үс арчилгааны бүтээгдэхүүн хэрэглэдэг

Үс арчилгааны бүтээгдэхүүнүүд маш олон төрөл байдаг учир эдгээрийг ялгаж, чухам аль нь илүү ач тустай болохыг мэдэхэд бэрх байдаг. Тийм ч болохоор бид бусдын аманд хууртаж, үснийхээ онцлогт үл тохирох бүтээгдэхүүн хэрэглэж улам бүр байдлыг дордуулдаг. Ялангуяа “intense” буюу хүчтэй үйлчилгээтэй, хуурай гэмтэлтэй үсэнд зориулсан гэх шошготой бүтээгдэхүүн хэрэглэхээс зайлсхийж байгаарай. Энэ нь таны үсэнд нимгэн давхарга үүсгэж, хүчээр зөөлрүүлэх бөгөөд үүнээс улбаалж үс амархан тослогтох, хаг үүсэх, үс шалчигар болох зэрэг асуудал үүснэ.

Яах хэрэгтэй вэ?: Төрөл бүрийн болсон болоогүй үнэтэй үс арчилгааны бүтээгдэхүүнээс татгалзаж, аль болох байгалийн гаралтай аргаар үсээ эмчилж болно. Жишээлбэл кокосын тос түрхэж, үсэндээ тэжээл өгөөд зогсохгүй тослогтохыг болиулах боломжтой юм.

Үсэндээ хэт их хүрч, самнадаг

Үсэндээ хүрэх үед та гарандаа наалдсан бактер болон тосыг хуйхандаа шилжүүлж, асуудал үүсгэнэ. Үс самнах ч мөн адил аюултай бөгөөд арьсны халим буюу тос ялгаруулагчыг үсээр бүхэлд нь тарааж, тослогийг нэмэгдүүлнэ.

Яах хэрэгтэй вэ?: Үсээ өдөрт 2-оос дээш самнаж болохгүй. Мөн самаа тогтмол угааж цэвэрлэж байх ёстойг анхаар. Аль болох үсэндээ хүрэхгүй байхыг хичээгээрэй.

Хэт их стресс

Стресс бухимдал нь таны биеийг илүү их хэмжээний кортизол даавар үүсгэхэд хүргэдэг. Харин тус даавар нь себумыг их хэмжээгээр ялгаруулж, тослогийн хэмжээг тэнцвэргүй байдалд хүргэх бөгөөд үүнээс улбаалж, үс тослогтож эхэлнэ.

Яах хэрэгтэй вэ?: Амьдралын хэв маягаа өөрчилж, стрессээс өөрийгөө чөлөөлж сурах хэрэгтэй.

Үсээ ойр ойрхон угаадаг

Үсээ угаах тусам үс тань илүү их тослогтоно. Арьсны эрүүл рН-ийг дэмждэг олон тэрбум сайн бактери бидний хуйханд амьдардаг бөгөөд үсээ ойр ойрхон угаах үед үүний тэнцвэр алдагдаж, себум булчирхай илүү их тос ялгаруулна.

Яах хэрэгтэй вэ?: Үсээ угаах давтамжаа чадах хэрээрээ холдуулж, хуйхаа хэт хуурайшуулахгүй байхыг хичээгээрэй.

Биеийн онцлогоос хамаарна

Заримдаа энэ нь тухайн хүний биеийн онцлогоос хамаардаг. Жишээлбэл шулуун үстэй хүмүүс буржгар буюу долгионтой үстэй хүмүүстэй харьцуулахад үс нь илүү тослог шинж чанартай байдаг. Мөн дааврын тэнцвэргүй байдал, seborrheic дерматит гэх мэт эрүүл мэндийн зарим асуудал нь илүүдэл тослогийн үйлдвэрлэлийг өдөөж болно гэдгийг санаарай.