Бусдаас уучлалт гуйх шаардлагагүй нөхцөл байдлууд

Та өдөрт хэдэн удаа уучлаарай гэдэг үгийг хэлдэг вэ? Мэдээж буруу зүйл хийсэн бол тухайн хүнээс уучлалт гуйх нь наад захын соёл боловч, уучлаарай гэх үгийг хэт их хэрэглэх нь бидний өөртөө итгэх итгэлийг үгүй хийж, сул дорой болгох хандлагатай аж. Уучлалт гуйх шаардлагагүй нөхцөл байдал гэж байх төдийгүй хэзээ уучлаарай гэдэг үгийг хэлэх вэ гэдэг нь маш чухал юм. Ингээд та бүхэндээ уучлалт гуйх шаардлагагүй тохиолдлуудыг танилцуулж байна.

Үнэнг хэлж байгаа үед

Хүнд үнэнг хэлж байгаа тохиолдолд та уучлалт гуйх шаардлагагүй. Та тухайн хүнийг таагүй байдалд оруулах, сэтгэл санааг тавгүйтүүлэх үнэнг хэлэх гэж байгаа бол, заавал урд нь уучлаарай гэх үгийг нэмэхгүйгээр, илүү соёлтой бас таатай байдлаар хэлж болно. Мөн миний бодлоор, би бодохдоо гэхчлэн зөөлөн өнгө аясаар тайлбарлаж хэлэх нь тухайн хүнийг гомдоохгүйгээр өөрийн үзэл бодлоо хэлэхэд тустай.

Сэтгэл хөдлөлөө барьж чадаагүйдээ

Хүний сэтгэл хөдлөлийг барьж болно гэж үү? Хэн нэгнээс уйлсныхаа төлөө, инээснийхээ төлөө, бухимдсаныхаа төлөө уучлалт гуйх шаардлагагүй. Энэ бол таны сэтгэл зүйтэй холбоотой асуудал тул та тэдэнд таагүй сэтгэгдэл төрүүлсэн байж магадгүй хэмээн өөрийгөө буруутгаж, бүү өршөөл эрээрэй. Мөн үүнд огт ичих зүйл байхгүй гэдгийг сайтар ойлгож, өөрийгөө байгаагаар нь хайрлаж байгаарай.

Өөр харагдсандаа

Та өөрийн гадаад үзэмжиндээ сэтгэл хангалуун, өөртөө тухтай байхад хэнээс ч уучлалт гуйх шаардлагагүй. Энэ таны төрх байдал учраас бусдад огт хамааралгүй. Удаан уулзаагүй найзтайгаа уулзахдаа арзгар үстэй, нүүрээ будаагүй очсон ч зүгээр, үүнд огт уучлалт гуйх шаардлага байхгүй. Харин ч илүү өөртөө итгэлтэй ярьж, өөрөөрөө байгаарай.

Өөрөөрөө байсныхаа төлөө

Заримдаа зүгээр л ганцаараа баймаар санагддаг шүү дээ. Найзуудтайгаа уулзахаас илүү ганцаараа баймаар санагдсан бол, үүнээс болж, тэднээс уучлал эрэх хэрэггүй. Зүгээр л тэдэнд ганцаараа байхыг хүссэн, гэрээс гарах сонирхолгүй байгаагаа хэлэхэд хангалттай бөгөөд үүнд нэмэлт тайлбар бүү өг. Ингээд л болоо бөгөөд та өөрийнхөөрөө байсны төлөө хэн нэгний өмнө буруутай гэсэн биш.

Асуулт асуухдаа

Бусдаас асуулт асуухдаа хүмүүс ихэвчлэн бага зэрэг санаа зовж, эхлээд уучлаарай гэж хэлдэг. Учир нь бид бусдын өмнө тэнэг, мэдлэгэгүй харагдах вий гэсэн айдаснаасаа болж, толгой бөхийж, итгэлгүйгээр уучлаарай хэмээдэг байна. Харин та амжилтанд хүрэхийг хүсч байгаа бол, хүнээс ч бүү ич бас уучлалт гуй. Хүчирхэг байж, асуух гэснээ асууж, өөрийгөө илүү чөлөөлөөрэй. Мэдлэгэгүй байх нь бусдаас уучлалт гуйх шалтгаан биш.

Таны хянах боломжгүй зүйл тохиолдвол

Бидний хянаж чадахгүй, зохицуулах боломжгүй маш олон зүйл амьдралд тохиолдож байдаг. Замын түгжрэлээс болж уулзалтаас хоцрох, техникийн алдаанаас болж ажлаа гүйцэтгэж чадаагүй, буруу захиалга хийх гэхчлэн өөрийн зохион байгуулалтаас хамааралтай бус алдаа гаргах үе олон. Гэхдээ энэ бүгдэд та толгой бөхийж, өршөөл эрэх хэрэггүй.

Харин оронд нь таныг ойлгосон хүнд талархаж, түүнийг баярлуулах ямар нэгэн зүйл хийх хэрэгтэй. Хий хоосон уучлаарай гэх үг үнэндээ ямар ч тус нэмэр болохгүй шүү дээ.

Бусад хүмүүс таагүй ааш авир гаргахад

Бусдын өмнөөс уучлалт гуйж болохгүй. Та буруу зүйл хийгээгүй байхад яагаад та тэдний өмнөөс уучлалт эрэх ёстой гэж? Хамгийн гол нь буруу зүйл хийсэн хүн нь үүнийгээ ч мэдэхгүй байхад таны гуйсан уучлал ямар ч үнэ цэнэгүй болж хувирах юм.