2010 онд догь гэгдэж байсан ч, 2020 онд моодноос гарсан зүйлс

Өнгөрсөн 10 жилийн хугацаанд бидний амьдрал хэр их өөрчлөгдсөн бол? Хэрэв та эргээд нэг харвал маш их зүйл өөрчлөгдсөн байх төдийгүй таны өмсөж зүүж, эдэлж хэрэглэж байгаа бүхэн хувирч өөрчлөгдсөн байгаа. Тэгвэл одоо хамтдаа чухал юу юу яаж хувирч, юу моодноос гарсан болохыг сонирхоцгооё.

Бумбагар уруул

2000-аад оны эхээр шоу бизнесийн оддын дунд бумбагар уруул трэнд болж байсан бол, жинхэнэ утгаараа 2015 онд Каяли Женнерийн гаргасан уруул томруулж харагдуулах матте уруулын будагнууд нь бумбагар уруулыг дэлхий нийтэд түгээн дэлгэрүүлсэн. Эмэгтэй хүн бүр л уруулаа том харагдуулахын хүслэн бол, нүүр дүүрэн уруул явдаг байсан гэхэд нэг их хол зөрөхгүй болов уу.

Гэхдээ юм бүхэн цаг хугацаатай байдгийн адилаар бумбагар уруул моодноос гарч, натурал гялалзсан уруул трэнд болоод байна.

Мэргэжлийн камер

Гоё зураг даруулах, гоё зураг дарах гэж заавал мэргэжлийн камер авах ёстой байсан цаг саяхан мэт санагдана. Камер барьсан хүн харвал миний зургийг ганц гоё дараад өгчих гэж гуйгаад л. Харин техник технологийн дэвшлийн ачаар бидний өдөр тутмын хэрэглээ болсон гар утаснууд ямар ч камераас дутахгүй зураг авч чаддаг болсон билээ. Тэр ч утгаараа мэргэжлийн гэрэл зургийн аппарат бага багаар байр сууриа алдсаар байна.

Хэтэрхий ганган чамин хумс

2010-аад оны үед гоёсон чимэглэсэн, сунгасан уртасгасан хумс хамгийн сайханд тооцогдож, эмэгтэй хүн бүрийн мөрөөдөл болж байсан. Энэ нь бүсгүйчүүдийн хурууг чимж, хүн бүрийн харааг булааж байсан. Гэхдээ 2020 он гарснаар, хумс илүү натурал будалттай болж, гоёл чимэглэлтэй гэхээс илүүтэй зөөлөн, цэвэрхэн өнгөтэй байхыг илүүд үзэх болсон байна.

Хиймэл хөх

Нэгэн үе ёстой л алдартай эмэгтэйчүүд бүгд л хөх хийлгэж, олны нүдийг орой дээр нь гаргаж байсан. Сүүлдээ энэ нь энгийн нэг үзэгдэл мэт болж хувирч байсан билээ. Тэгвэл сүүлийн жилүүдэд хүмүүс бүгд натурал зүйлсийг илүүд үзэж, том хөхнөөс илүүтэй жижиг хөхийг трэнд болгож байна. Мөн охид бүсгүйчүүд өөрсдийн жижиг хөхнөөс ичихээ больж, харин ч үүгээрээ бахархах болсон.

Веб камер

Өмнө нь хол байгаа хэн нэгэнтэй видео дуудлагаар холбогдохын тулд заавал комьпютерийнхээ дэргэд веб камер суулгадаг байсан. Одоо бол орон дээрээ хэвтэж байгаад л хүссэн үедээ хэн рүү ч хамаагүй гар утсаараа дүрст дуудлага хийж болно. Тийм болохоор хамгийн хэрэггүй болсон зүйлийн нэг нь яах аргагүй веб камер биш гэж үү?

Арьсаа борлуулах

Бор арьстай эмэгтэйчүүдийг илүү халуухан харагддаг гэж үздэг байсан учир бүсгүйчүүд сайхан харагдахын тулд арьсаа борлуулдаг байсан. Гэхдээ цаг хугацааны аясаар бүх зүйлс хувьсан өөрчлөгддөг учир энэхүү үзэл ч мөн өөрчлөгдсөн. Бор, шар, цагаан, хар огт хамаагүй болсон бөгөөд эмэгтэй хүн натурал төрхөөрөө байхдаа л хамгийн үзэсгэлэнтэй гэх үзэл хүн бүрийн толгойд суугаад байна.

Үслэг эдлэл

Үслэг эдлэлийн гол золиос нь булга, минж, туулай, үнэг, шиншилла гэх мэт амьтад байдаг. Юм ховор үед үслэг эдлэлийг тансаг хэрэглээнд тооцдог байсан ч худалдан авагчид олшрох тусам үнэ цэнээ алдаж байгаа. Үүнээс гадна хүмүүсийн байгалийн тэнцвэрт байдлыг хадгалахын тулд ан амьтдыг үй олноор нь зөвхөн хувцас болгохын тулд хөнөөхийг эсэргүүцэж байгаа бөгөөд энэ нь хүмүүсийг үслэг эдлэлээс татгалзахад хүргэсэн билээ.

Ганган чамин утасны гэр

Нэг хэсэг хүмүүс утсаа янз бүрээр чимэглэж, төрөл бүрийн тоглоом, өд сөд зүүж, ёстой л шинэ жилийн мод шиг болгодог байсан. Азаар энэ бүхэн ард хоцорч байна. Илүү классик, цэвэрхэн утасны гэрийг хүмүүс голчлон сонгож байгаа юм.

 
error: Мэдээлэл хамгаалагдсан !!