2 төмс, 2 лууван, татсан махаар хийж болох хамгийн амттай хоол

Өнөө орой ямар хоолоор хайртай гэр бүлийнхнээ дайлах гэж байна даа? Хэрэв дэлгүүр гарч, хүнсээ базааж амжаагүй, ямар хоол хийнэ дээ хэмээн санаагаа чилээж суугаа бол анхаарлаа нааш нь хандуулаарай. Учир нь та бүхэндээ мах, төмс, лууван ашиглаад хийж болох амттай хоолны жорыг хүргэж байна.

Орц:

  • Татсан мах – 400 гр
  • Төмс – 2 ширхэг
  • Лууван – 2 ширхэг
  • Давс, перец – амталгаагаар

Соус хийх орц:

  • Сонгино – 1 ширхэг
  • Улаан лоолийн паста – 30 гр
  • Ургамлын тос – 30 гр
  • Сүүн крем – 100 гр
  • Ус – 200 мл
  • Давс, перец – амталгаагаар

Хийх арга:

Эхлээд лууван болон төмсөө хальсалж цэвэрлэнэ. Луувангаа үрэгчээр үрж, шүүсийг нь шүүж асгаарай. Бидэнд шүүсгүй үрсэн лууван хэрэг болох юм.

Төмсөө мөн үрж, шүүсийг нь авч асгана. Ингээд үрсэн лууван болон төмсөө татсан махан дээрээ хийж базна. Үүн дээрээ давс, перец зэргээ хийж амтлаарай.

Базсан махаараа дундаж хэмжээтэй котлет хийнэ. Хайруулын тавганд ургамлын тос хийж халаагаад, үүндээ котлетоо хийж шарна. Хоёр талаар нь ойролцоогоор 2 минут шарахад хангалттай.

Одоо соусаа бэлтгэцгээе. Сонгиноо жижиглэн хэрчиж, шаргал болтол нь хуурна.

Усандаа улаан лоолийн пастагаа хийж, дээр нь хуурсан сонгино, сүүн крем, давс, перец зэргээ хийж хутгана. Шарж болгосон котлетоо соусандаа хийж, гал дээр тавиад, зөөлөн гал дээр 30 минут орчим чанаарай. Ингээд л таны амттай хоол бэлэн болох юм.