35-аас дээш насны бүсгүйчүүдэд зориулсан нүүр будах зөвлөмж

30 нас хол гарсан бүсгүйчүүд маань өөрсдөдөө анхаарал хандуулах нь багасч, үр хүүхэд, хань ижил гэсээр амьдралыг бардаг. Гэхдээ та одооноос энэ зангаа засч, өөрийгөө одоо ч залуухан, үзэсгэлэнтэй гэдгээ санаарай. Өмнө нь өдөр бүр л нүүрээ будаж, гоёж гангалаад гардаг байсан бүсгүйчүүд маань хүүхдийн хичээл, хоол унд гэсээр нүүрээ яаж будахыг ч мартсан биз. Тэгвэл өнөөдөр та бүхэндээ +35 настай бүсгүйчүүдийн нүүр будалтын тухай зөвлөгөө мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ. Та энэ зааврын дагуу нүүрээ будаж, өөртөө анхаарал хандуулж байгаарай.

Доод зовхио будах хэрэггүй

Мэдээж нас явахын хэрээр арьс суларч, унжиж эхэлдэг. Тиймээс доод зовхио хэт будаж, харлуулах хэрэггүй. Энэ нь таныг улам бүр овортой харагдуулж мэднэ. Иймд та маш бүдэг өнгөөр бага зэрэг будаж, нүдээ тодруулж болно. Үүнээс биш хар харандаагаар зурах, тод өнгөөр будах зэргийг мартаарай.

Тод будахаас зайлсхий

30 гарсан бүсгүйчүүдийн хувьд хэн нэгэнд хөөрхөн харагдах гэсэндээ биш зөвхөн өө сэвээ далдалж, цэвэрхэн харагдахын тулд нүүрээ буддаг. Тиймээс жоохон охидууд шиг хэт тод нүүрээ будаж болохгүй. Энэ нь таныг замбараагүй, эвгүй харагдуулна.

Хуурай энгэсэг бус шингэн крем хэрэглэ

30 гараад ирэхээр арьс чийгшлээ алдаж, хуурайших бөгөөд үүнээс үүдэж, үрчлээс үүсдэг. Иймд та хуурай энгэсэгнээс татгалзаж, чийгшүүлэгчтэй шингэн крем хэрэглэж байгаарай.

Праймер ашигла

Одоо таны арьс 20 насных шигээ өө сэвгүй биш шүү дээ. Тиймээс кремнийхээ дор праймер нимгэн дарж, өө сэвээ дарж байгаарай. Энэ нь таны арьсыг цэвэрхэн, гэрэлтсэн харагдахад тусална.

Өөрт тохирох уруулын будагны өнгийг сонго

Нас ахих тус арьс өөрчлөгдөөд зогсохгүй уруулын өнгө ч дагаад хувирдаг. Тиймээс 20-той байхад тохирч байсан уруулын будагны өнгө одоо танд тохирохгүй гэсэн үг. Тиймээс өөрт тань ямар өнгө зохихыг хайж үзээрэй.

Гэрэл сүүдэр ашиглаж байгаарай

Гэрэл сүүдэр нь нүүрний хэлбэрийг зөв харагдуулахад тусална. Тиймээс заавал гэрэл сүүдэр ашиглаж сураарай.

Хөмсгөө будах

Сүүлийн үед натурал хөмсөгний будалт трэнд болоод байгаа. Хэт шивүүлсэн мэт тод будах, хэт хэлбэр гаргаж будахаас татгалзаарай. Хэрэв та хөмсөг сайтай бол бага зэрэг хэлбэрийг нь гаргаж будахад хангалттай. Харин хөмсөг тааруу бол зөв хэлбэр гаргаж засаад, үүнийхээ дагуу хөнгөн будаарай.

Хэт гялалзсан будалтаас зайлсхий

Гацуур мод шиг өөрийгөө гангалж, буддаг үе ард хоцорсон. Тиймээс гялалзсан саатай тениэс татгалзаарай. Зөвхөн нүднийхээ ухархай хэсэгт багахан саа түрхэхэд болно.

Өө дарагч ашигла

Арьсанд хөгшрөлт явагдахад үрчлээс үүсэхээс гадна нөсөө толбо бий болдог. Харин үүнийг ганц кремээр дарна гэдэг боломжгүй. Тиймээс өө дарагч хэрэглэж байгаарай. Мөн нүдэн доорх хар уутанцрыг дарахад танд өө дарагч хэрэг болно. Хэрэв та өө дарагч хэрэглэхгүй бол крем түрхсэн ч энэ тэндээ халтардсан тун ч онцгүй харагдана. Тиймээс будаж байгаа бол хичээж сайн буд, үгүй бол огт будахгүй байсан нь дээр.