Хүн бүрийн очих хүслийг төрүүлэх үлгэрт л гардаг үзэсгэлэнтэй тосгон: Энд ямар ч машин бас зам байхгүй

Үлгэр дээр гардаг шиг үзэсгэлэнтэй газар амьдрах хүсэл танд бий юу? Хүмүүс үүнийг бодитоор оршин байдаггүй учир зөвхөн мөрөөдөлдөө тээж амьдрахаас өөр аргагүй гэж боддог. Гэхдээ яг л үлгэрт гардаг тэр үзэсгэлэн төгөлдөр, хараа булаам гайхалтай газар дэлхий дээр бодитоор оршдог аж.

Нидерландын “Giethoorn” гэх тосгон нь яг л үлгэрийн ертөнцөд таныг авчирсан мэт мэдрэмж төрүүлэх, дэндүү амар амгалан хийгээд үзэсгэлэнтэй байгальтай. Зөвхөн байгаль тус тосгоныг ингэж харагдуулж байгаа гэвэл өрөөсгөл ойлголт болох юм.

Энэхүү тосгонд ямар нэгэн зам гэж байхгүй бөгөөд үүнээс хамааралтайгаар машин ч явахгүй. Оршин суугчид нь өөр өөрийн байшингаа тойруулан үзэсгэлэнтэй цэцэгс тарьж, тохижуулдаг. Мөн тэд зөвхөн завиар нааш цааш зорчих аж.

Мэдээж зам байхгүй, авто тээврийн хэрэгсэл байхгүй учир энэ тосгонд хөл хөдөлгөөн бага, анир чимээгүй. Оршин суугчид өөр өөрсдийн гэх моторт завьтай боловч, чимээ багатай учир бусдад саад болохгүй.

Хамгийн сонирхолтой энэхүү амар амгаланг мэдрүүлэх, амьд байгальтай хамгийн ойр тосгонд хамгийн чанга чимээг хун, галуу гэхчлэн амьтад л гаргадаг гэнэ шүү.

Мэдээж энэхүү төгс төгөлдөр байгальтай, анир чимээгүй боловч алтаар үнэлж баршгүй үзэсгэлэнт газрыг нүдээр үзэхийг хүсэх хүмүүс олон. Гэсэн ч хүссэн хүн бүрийг тосгонд оруулдаггүй бөгөөд энэ нь тосгоны үнэт өв болсон байгалийг олны хөлд дайруулахаас сэргийлж буй хэлбэр юм. Жилд цөөн тооны хүмүүст нэвтрэх эрх олгодог ба тэд машинаа тосгоны гадна орхиж, завь түрээслэж, аялдаг.

Тосгон жилийн 4 улиралд өнгөө өөрчлөх боловч, улирал бүрд өөрийн гоо төрхийг хадгалж чаддаг гэдгээрээ алдартай. Зуны улиралд цэл ногоон өнгөөр дэлхийг чимэх бол, хавар, намрын улиралд солонгорсон олон өнгөөр олны нүдийг хужирлана. Харин өвлийн улиралд цасанд хучигдаж, цагаан гэж ийм өнгийг хэлдэг боловуу гэмээр төрхийг бүрдүүлнэ.

Өвлийн улиралд тосгоны хүмүүс цана, чаргаар ажил хичээлдээ явцгаана. Үнэхээр дурламаар сайхан биш гэж үү?