Долоо хоногт 25 цагийн турш утсаа унтрааснаар миний амьдралд итгэмээргүй өөрчлөлт

Шинэ үеийн залуусын 92 хувь нь ухаалаг утастай, би ч тэдний нэг. Тэд өдөрт дунджаар 2617 удаа утсандаа хүрч, 4-6 минут тутамд утсаа шалгадаг, би ч мөн адил тэдний нэг. “Христийн шашинд Шаббат өдөр буюу 7 хоногийн сүүлээр амардаг (манайхаар бол амралтын өдөр) өдөр гэж бий. Тэр л үеэр буюу Баасан гарагийн оройноос Бямба гарагийн шөнө дунд хүртэл утсаа унтрааж, өөрөөсөө холдуулах нь асар олон зүйлийг амжуулж, цагаа үр дүнтэй өнгөрүүлэх боломжийг олгож байна” хэмээн Нью-Йорк Таймсын сэтгүүлч Кевин Рүүз бичжээ.

Мөн тэрээр “2020 он гарсаар Австралийн түймэр, Европын үер, Коронавирус гээд л аймшигт мэдээнүүд ар араасаа цуварч улс улсын иргэдийг амсхийх боломжийг хаалаа. Энэ үеэр фэйсбүүк ашиглахад хүнд мэдээллүүд бие сэтгэлийг эвгүйцүүлж, үүнээс холдохын тулд твиттер, инстаграм гээд нэг их дээрдэхээргүй платформуудыг өөрийн эрхгүй сонирхож орно. Ингэн ингэсээр утаснаасаа бүрэн хамааралтай болж, ямар ч ажлын бүтээмжгүй, цаг дэмий нөгцөөсөн нэгэн болж хувирсан хүн дэлхий даяар дүүрэн бий. “

“Харин 7 хоногийн сүүлээр 25 цагийн турш утаснаасаа холдсоноор шинэ хоолны жор турших, гэр бүл, найз нөхөд, хамаатнуудтайгаа өмнө нь хөөрөлдөж байгаагүй сэдвээр ярилцах, ном унших, шинээр сэтгүүл захиалдаг болох гэх мэт өөрчлөлтүүд гарч ирсэн. Үүнийг дагаад сэтгэл санаа ч дээрдэж, өөр зүйлд анхаарлаа төвлөрүүлэх чадвар маань нэмэгдэж байгааг анзаарсан юм. нойрны асуудал ч мөн ялгаагүй. Утасны цэнхэр гэрэл нь нүдээр дамжин тархинд очихдоо нойрны даавар болох мелатониний ялгаруулалтыг багасгаж, унтах цагийг хойшлуулсаар шөнө дүл хүргэдэг. Харин утасгүй 25 цагийн хугацаанд оройдоо эрт унтаж, чанартай нойр авсан нь мэдэгдэж байна”

“Утасгүй өнгөрүүлэх үеүдийг амралтын өдрөөр тааруулах нь шинэ чухал мэдээ мэдээллээс хоцрох боломжийг багасгаж, дараагийн ажлын өдрүүддээ эрч хүчтэй орох бэлтгэлийг базааж өгдөг. Энэ үйлдлийг бүтэн сарын турш хийснээр таны амьдралд ч мөн мэдэгдэхүйц амсхийлт, өөрчлөлт гарна гэдэгт итгэлтэй байна.”