Баяны дүр эсгэж, өрнөөс өрний хооронд амьдардаг хүмүүсийн шинжүүд

Та жинхэнэ баян хүнийг, баяны дүр эсгэгчээс ялгаж чадах уу? Цахим сүлжээ, сошиал эрчимтэй хөгжсөнөөс хойш хүн бүр л дор бүрнээ чинээлэг мэт харагдахыг хичээх болсон. Тэдгээрийн дундаас жинхэнэ баянг ялгана гэдэг тийм ч амар даваа биш. Тэгвэл та бүхэндээ өрнөөс өрний хооронд амьдрах ч, өдөр бүр тансаг харагддаг хүмүүсийн нууцыг дэлгэж байна. Тэд хэрхэн баян мэт харагддаг юм бол?

Өөрийн санхүүгээр дийлэхээргүй аялалд өр тавьж байгаад явдаг

Мэдээж амьдралыг аялалгүйгээр төсөөлөх аргагүй. Гэхдээ аяллын төсвийг сайтар судалж, өөрийн боломж бололцоондоо тааруулж явах хэрэгтэй. Харин сүүлийн үеийн хүмүүс нэг нэгэнтэйгээ уралдаж, тансаг газар амарсан зургаа инстаграмдаа нийтлэх гэж өр зээл тавьж, эд хөрөнгөө заран байж аялалд явж байна. Аяллаа дуусгаад гэртээ ирээд, өнөөх өрөө төлөхийн тулд өдөр шөнөгүй ажиллах ёстой гэдгээ үнэхээр тэд мэдэж байгаа болов уу.

Тансаг хуримын ёслол

Хурим гэдэг бидний амьдралд ганц тохионо гэдэг үгээр халхалж, хүн бүр л хуримаа нижгэр хийхийг хичээх болж. Та төсөөлдөө, зүгээр л дундаж амьдралтай хүн чинээлэг найзынхаа тансаг хуримд атаархаж, нөхөртэйгээ хамт байр авахаар цуглуулж байсан мөнгөө арай хийн хүргэж, сүр дуулиантай хурим хийж байна. Хурим болоод өнгөрдөг, харин тэд байраа зараад бусдыг дайлчихсан болохоор одоо хаанаа амьдрах бол?

Дэлхийд хөрөнгө чинээгээрээ толгой цохидог хүмүүс хүртэл гэр бүлийн хүрээнд хуримаа чимээгүйхэн хийдэг болсон шүү дээ. Гэтэл та заавал бусдын дор орохгүй тансаг хурим хийхгүй бол, хамтын амьдрал тань нуран уначих гээд байна уу?

Брэндээр биеэ гоёгчид

Үнэхээр брэнд л өмсөж зүүхгүй бол хүний тооноос хасагддаг цаг үе иржээ. Охид залуус уулзаад өөрсдийн өмссөн зүүсэн брэндээ нэгэндээ гайхуулж, баярхана. Гол нь тухайн залуус тэр тансаг брэндийн хувцас эдлэлээ төвөггүйхэн худалдаад авчих хэмжээний чинээлэг болов уу, эсвэл жил гаруй цалингаа хурааж байгаад ганц ширхэг брэнд футволк худалдаж аваад, одоо л нэг найзуудынхаа ярианд оролцож чадахаар боллоо гэж бодсон болов уу.

Үргэлж хатан мэт аашилна

Жинхэнэ баян болон баяны дүр эсгэгч хүмүүсийг ялгаж болох хамгийн том сэжим бол бусадтай хэрхэн харилцаж байгааг анзаарах юм. Өөрийн хүч хөдөлмөрөөр өндөрлөгт хүрсэн, юм үзэж нүд тайлсан, мөнгөтэй байгаад хэдийн сурчихсан хүмүүс хэзээ ч бусдыг үл ойшоож, таагүй ханддаггүй. Тэдэнд үйлчигээний ажилтантай харилцах дэг журам гэж байх бөгөөд элит түвшний зан нь тэдний хөрөнгийг тодорхойлж байдаг. Харин зах дээр байгаа мэт бусадтай хэрэлдэж, бусдыг дорд үзэгч нэгэн бол ядуу зангаасаа салаагүй жирийн нэг дүр эсгэгч төдий.

Сошиалд өөрийгөө баян гэж зарлана

Хүний тансаг эдлэлээр хүүтэгнэж, түрээслэж унасан машинаараа гангарч, хүнээс зээлсэн мөнгөнийхөө зургийг авч гэхчлэн хүмүүс сошиалд өөрийгөө баян гэж харагдуулахыг маш их хичээдэг. Гэхдээ үүний үр дүнд тэд чухам юу хожих юм бол? Магадгүй бусдын тансаг амьдралыг дурандах дуртай хэдэн дагагч байх.

Хэрэгтэй зүйлээ биш, бусдыг атаархуулах зүйлийг худалдаж авдаг

Бусад хүмүүс түүнд атаархаж байна гэдэг бол түүний ялалт. Үүний төлөө өөртөө хэрэггүй байсан ч, хачирхалтай зүйлс худалдаж аван, дараагийн сарын цалингаа хүлээж, гар хоосон сууна. Магадгүй бусдын атаархсан нүд түүнийг цатгаж, өлсгөхгүй байх.

 
error: Мэдээлэл хамгаалагдсан !!