Эмэгтэй хүний үнэлэмжийг унагаж, хүмүүст таагүй сэтгэгдэл төрүүлдэг зүйлс

Анхны сэтгэгдэл гэдэг хамгийн чухал. Танихгүй хүнийг анх удаагаа харахад 7 секундын дотор төрсөн сэтгэгдэл сэтгэлд үүрд хадагдан үлддэг гэдэг. Тиймээс хэнд хамаатай юм, бусдын юу гэж бодох надад падгүй гэхчлэн зүтгэж, хэт хамаагүй хувцаслах, нүүр будалт хийх нь тийм ч тохиромжтой санаа биш юм. Өнөөдөр та бүхэндээ бусдад хамгийн таагүй харагдаж, эмэгтэйчүүдийн үнэлэмжийг газар доогуур оруулж орхидог хэдэн зүйлсийг онцлон хүргэж байна. Хэчнээн сайхан бүсгүй байлаа ч, эдгээрийн аль нэг нь л ажиглагдах юм бол, тухайн бүсгүйн үнэлэмж байхгүй болох аж.

Гутал давс гарсан хөлийн хуруу

Өөрийн хөлөнд таараагүй, багадсан сандал гутал өмсөх нь таныг эвгүй байдалд оруулна. Үүнээс болж хөл урагш түрэгдэж, хөлийн хуруунууд сарвайгаад гараад ирнэ. Та жишээ нь ийм байдалтай эмэгтэй хүнтэй таарвал ямар санагдах вэ? Үнэхээр үнэлэмж буурахгүй гэж үү? Иймд бүсгүйчүүд минь үргэлж хөлдөө таарсан гутал өмсөж байгаарай.

Нүүр болон үс нь тослогдсон

Эмэгтэй хүн өөртөө арчаатай байх хэрэгтэй. Ядаж л арьсаа зөв арчлаад, нүүрээ цэвэрхэн будаад, үсээ угаачихдаг байх ёстой. Гэтэл нүүр нь тослогтож, үснийх нь хаг цухуйж, угаалгүй хэд хоносон юм бол гэлтэй тос ялгарсан харагдана. Ийм үзэмж эмэгтэй хүнийг гундааж, бусдад таагүй сэтгэгдэл төрүүлдэг.

Хувцасны цаанаас дотуур хувцас нь цухуйх, гарч ирэх

Дотуур хувцас ил гарч ирэх нь хамгийн онцгүй хэрэг. Левчикний мөр нь цухуйгаад, хөдлөх бүрт мөр нь унаж, үүнийгээ янзлах гэж хичээх эмэгтэйг хараад үнэхээр сэтгэл санаа таагүй болчихдог. Бүсгүйчүүд маань хувцаслалтандаа анхаарч байх хэрэгтэй. Ялангуяа дотуур хувцас тань хамгийн тухтай, цэвэрхэн үзэмжтэй байх ёстой шүү. Сүүлийн үед дотуур хувцаснууд төрөл бүрээр гарах болсон учир та нарийн мөртэй майк, гоёмсог даашинз өмсөж байгаа бол үүндээ тохируулаад наадаг хөхөвч ч зүүж болно.

Өөрт тохироогүй өндөр өсгийт

Сайхан харагдах гэж манай бүсгүйчүүд өндөр өсгийтэй гутал өмсөх нь элбэг. Гэхдээ тэр гутлан дээрээ ямар ч асуудалгүй явж чадах уу гэдэг л хамгийн чухал. Үнэхээр цэвэрхэн зөв алхаж чаддаггүй бол өндөр өсгийт өмсөх ч хэрэггүй. Энэ нь сайхан харагдуулах нь бүү хэл, хүмүүсийн нүдийг өвтгөж, тань руу таагүй харц чулуудахад хүргэнэ. Эсвэл арай намхан өсгийтэй, хөлд тухтай гутал сонгож өмссөн нь дээр. Өөртөө ахадсан өндөр өсгийт өмсөөд өвдгөө ч тэнийлгэж чадахгүй, бөхийж явах ямар онцгүй харагддаг гээч.

Сормуусаа хэт их будах

Үзэсгэлэнтэй харагдана гэдэг нь хэт их будаг нүүрэндээ нялна гэсэн үг биш гэдгийг сайн ойлгож аваарай. Зарим бүсгүйчүүд нүдээ тодруулах гэсэндээ сормуусаа хэт их будаад, будгийг нь бөөгнөрүүлж орхидог. Ийм будалттай хүний нүд рүү эгцэлж харах ч хэцүү байдаг.

Хэт их сүрчиг

Хэт их сүрчиг түрхэхээс үргэлж зайлсхийж байгаарай. Хажуугаар өнгөрсөн хүн бүрийн хамрыг сэтлэм үнэртэх сүрчиг нь хүмүүс таныг үзэн ядахад хүргэнэ. Зүгээр л тохируулаад багахан түрхэхэд болохгүй юу байхав.

Замбараагүй гэрэл сүүдэр

Гэрэл сүүдрээр нүүрний хэлбэрээ засч, өө сэвээ дарах нь мэдээж зөв. Гэхдээ мөн л хэмжээг нь тааруулж байх нь чухал. Нүүрээ туранхай харагдуулах гэж шанаагаа тэр чигт нь борлуулж, хамаа намаагүй газарт гэрэл цацаж хэрхэвч болохгүй. Энэ нь таны үзэмжийг, үнэлэмжийг хэчнээн бууруулах тухай сайтар бодож үзээрэй.