Давхар төмсний хучмал хийх амтат жор

Та бүхэн минь сайхан наадсан уу? Хөдөө гадаа амарч зугаалж, хорхог, шарсан мах идсээр залхаад байна уу? Тэгвэл өнөөдөр танд амттай төмсний хучмал хийх аргыг зааж өгөхөөр бэлтгэлээ. Та яг заавар, жорын дагуу хийвэл, хамгийн амттай хоолыг өөрийн гараар хийж чадах юм. Ингээд хамтдаа хоолны жортой танилцъя.

Орц:

  • Төмс – 500-700 гр
  • Татсан мах – 500-700 гр
  • Сонгино – 2 ширхэг
  • Хатуу бяслаг – 100 гр
  • Масло – 50 гр
  • Улаан лооль
  • Давс, ургамлын тос, хар перец

Хийх арга:

Төмсөө хальсалж, угаагаад давстай усанд хийж чанана. Чанасан төмсөө уснаас гаргаж, дээр нь масло, багахан давс болон ургамлын тос хийж нухаарай. Ингээд төмсний нухашаа бэлтгээд цааш тавьна.

Одоо татсан махан дээрээ жижиглэж хэрчсэн сонгино болон давс, перец хийж базаарай. Махаа багахан тосонд хуурч, борлуулаарай. Улаан лоолио нимгэн дугуй хэлбэртэй хэрчинэ.

Шарах шүүгээний тавцангаа гаргаж, маслоор сайтар тослоорой. Хамгийн доор нь төмснийхөө талыг жигд тарааж тавьна. Үүн дээрээ хуурсан махаа тавьж, тараана. Одоо үлдсэн төмсөө мөн л жигд тавиарай. Хэрчсэн улаан лоолио төмсөн дээрээ тарааж тавих бол, бяслагаа үрж, улаан лоолио хучна.

Ингээд хоолоо шарах шүүгээндээ хийж, 200 хэмд 20 минут жигнэж болгоорой. Товлосон цагаа болоход, хоолоо гаргаад таваглаж идээрэй. Үнэхээр амттай болсон байх болно.