Шарлаж, өнгөө алдсан цагаан хувцасны өнгийг сэргээх аргууд

Нар шарсан халуун өдрүүдэд өмсөхөд хамгийн тохиромжтой хувцас бол яахын аргагүй цагаан өнгийн хувцас билээ. Харин цагаан өнгийн хувцас нь наранд удаан өмсөхөөр шарлаж, гандах аюултай төдийгүй толбо болсон тохиолдолд арилгах гэж багагүй ур ухаан шаарддаг. Тийм ч учраас олон хүмүүс цагаан өнгийн хувцаснаас татгалзаж, эсвэл өмссөн үедээ тун ч болгоомжтой байхыг хичээдэг биз. Харин өнөөдөр та бүхэндээ цагаан хувцасны өнгийг сэргээх, толбо арилгах аргуудыг танилцуулахаар бэлтгэлээ.

Наранд хатаах

Цагаан өнгийн хувцсаа угаасны дараа наранд хатааж байгаарай. Нар хувцасны өнгийг сэргээх төдийгүй яг л цайруулагч бодистой адил үйлчилгээ үзүүлэх юм. Тиймээс төрөл бүрийн цайруулагч, химийн найрлагатай бодис хэрэглэхийн оронд нарны алтан туяаг ашиглаарай.

Нимбэгний шүүс

Нимбэгний шүүс нь байгалийн цайруулагч гэдгээрээ алдартай. 4 литр усанд тал аяга нимбэгний шүүс хийж хутгаарай. Үүндээ цагаан өнгийн хувцсаа хийж, хонуулах бөгөөд өглөө нь угаалгын машинд хийж угаагаарай. Ингэснээр таны хувцас шинэ мэт гялалзах төдийгүй толбо, буртаг нь бүрэн гүйцэт арилна.

Цагаан цуу

Цагаан цуу таны хувцасны сайн найз байж чадна. Цагаан хувцасны өнгийг сэргээх болон толбыг арилгахдаа аяганы дөрөвний нэг нимбэгний шүүс болон тал аяга цагаан цууг хольж, үүнийгээ угаалгын машиндаа хийж эргүүлээрэй. Ингээд хувцсаа угаалгын машинаас гаргахад нүд гялбам цагаан болсон байх болно.

Хүнсний сода

Хүнсний содыг угаалгын нунтагтай адилтган ойлгож болно. Хөөсрүүлэхгүй ч гэсэн, хир буртгыг арилгах, цайруулах, цэвэрхэн шинэхэн болгох гээд л адилхан үр дүн үзүүлнэ. Та угаалгын машиндаа хүнсний сода хийж, цагаан хувцсаа угаагаарай. Өнгө нь сэргээд зогсохгүй сэнгэнэсэн сайхан үнэртэй болгоно.