Таныг Кэану Ривзд ахин нэг удаа дурлуулах, хүмүүсийн хуваалцсан уярам түүхүүд

Алдарт жүжигчин Кэану Ривз нь амьдралынхаа турш олон саад бэрхшээл, гунигт үйл явдлыг даван туулсан нэгэн. Гэсэн ч тэр амьдралд бууж өгөлгүйгээр хүчирхэг хэвээр үлдэж, өнөөдрийн энэ их амжилтанд хүрээд байна. Хүн бүр түүнийг эгэл жирийн нэгэний амьдралыг сонгосон гэдгийг мэдэх ч, таныг түүнд дахин нэг удаа дурлуулах түүхүүдийг хуваалцахаар бэлтгэлээ.

Тэр эмэгтэйчүүдийн орон зайг хүндэтгэдэг

Түүний эмэгтэйчүүдтэй авахуулсан зургуудыг ажиглавал үргэлж гараа биеэс нь хол байрлуулсан байдаг. Нэг ёсондоо зураг авахуулахдаа ч зөвшөөрөлгүйгээр эмэгтэй хүний биед хүрдэггүй гэсэн үг. Энэ ч утгаараа түүнийг “Хүндлэлийн хаан” хэмээн хүртэл нэрийддэг байна.

Олон буяны ажилд оролцдог ч үүгээрээ хэзээ ч сайрхдаггүй

Тэрээр сая сая долларыг хүүхдийн буяны санд хандивлаж, хорт хавдартай хүүхдүүдийн эмчилгээнд зориулсаар ирсэн. Түүний оролцож байсан буяны ажлуудыг дурдахаас илүүтэй оролцож чадаагүй нь нэрлэвэл арай цөөн байх болов уу.

Саяхан тэрээр Zoom видео дуудлагын апп дээр 15 минут ярилцах эрхийг дуудлага худалдаагаар зарсан. Үүний гол зорилго нь шүтэн бишрэгчтэйгээ харилцах биш байсан. Жүжигчин залуу “Camp Rainbow Gold” хэмээх хорт хавдрын эсрэг буяны байгууллагатай хамтарч ажилладаг бөгөөд эмчилгээ шаардлагатай байгаа хүүхдүүдэд туслах зорилгоор мөнгө цуглуулсан байна.

Тэр гайхалтай өгөөмөр

“Найз маань киноны багт туслах хийдэг юм. Тэр “Matrix” кинон дээр ажиллахаар болж, Кэанутай ч танилцсан. Угтаа бол одууд манай найз шиг жижиг гаруудтай (туслахууд) харилцаад, танилцаад байдаггүй, бүр нэрийг нь ч асуудаггүй гэсэн. Гэтэл Кэану хүн бүртэй ижилхэн харьцаж байсан төдийгүй найзад маань том тус хүргэж байсан удаатай. Найзын маань гэрт асуудал гараад мөнгө хэрэгтэй болж, найруулагчаасаа асуухад нь Кэану ирээд Зул сарын баярын урамшуулал шүү гээд 20,000 доллар өгсөн гэсэн.”

Тэр бол жинхэнэ эр хүн

Тэр эмэгтэйчүүдтэй зураг авахуулахдаа л хүндэтгэлтэй ханддаг гэж ойлгож болохгүй. Кэануг энгийн хүн мэт амьдарч, өдөр тутамдаа метрогоор зорчдог гэдгийг хүн бүр мэднэ. Тэгвэл түүний бүсгүйчүүдэд суудал тавьж өгч буй, хүнд юм өргөж яваа эмэгтэйчүүдэд тусалж байгаа зэрэг бичлэгүүд интернэтээр дүүрэн тархсан байдаг. Түүнийг жинхэнэ эр хүн гэж нэрлэхгүй байж болно гэж үү?

Хүмүүстэй харилцаж, ярилцахаас татгалздаггүй

“Парист гэр бүлийнхээ хамт амралтаараа явж байтал ээж маань хажуу талын машинд Кэану байгааг харснаа бидэнд хэлсэн. Бид ч ядаж түүний царайг хальт ч болов харах гэсэндээ бага зэрэг санаа зовж байсан ч, машиных нь хаалгыг тогшиход өөр хүн тайлаад, түүнийг зураг авалтаа дуусгаад их ядарсан байгаа гэсэн юм. Харин цаанаас Кэану босч ирээд “Би зүгээр дээ, найрсаг хүмүүстэй ярилцахад үргэлж цаг гаргана” гэж хэлээд биднийг зоогонд урьсан. Үнэхээр гайхалтай мартагдашгүй үдшийг түүнтэй хамт өнгөрүүлж, ямар эгэл даруу болоод сайхан хүн бэ гэх сэтгэгдэл тархи зүрхний гүнд хадагдан үлдсэн” – JustinLennox / reddit

“Найз залуу маань Жон Уик 3-ын зураг авалт болсон Голд Коуст студийн дэргэд ажилладаг. Тэр Кэанугийн зургийг авах гэж хэдэн өдөр хичээсэн ч чадаагүй. Гэтэл азаар түүнийг харсан ч, тэр зураг авалтаа дуусгаад их ядарсан харагдаж байсан тул зураг авахуулах тухай дурдаж чадаагүй бөгөөд зүгээр л түүнийг хүчтэй, эрүүл байгаарай гэж холоос хашхирч хэлсэн. Түүний дэргэд цөөнгүй Кэанугийн фенүүд хамт зогсож байсан юм. Харин Кэану машин руугаа явж байсан чиглэлээ өөрчилж, тэдэн дээр ирээд талархлаа илэрхийлэн, бүгдэнтэй нь зургаа авахуулсан гэсэн шүү. Найз залуу орой гэртээ нүүр дүүрэн инээсээр хүрч ирсэн” – Guinhyvar / reddit

Хэн ч байсан эцэстээ бүгд хүн гэх үзэл

“Хурдны зам дээр машин маань эвдэрчихээд зогсож байсан юм. Утас цэнэггүй яахаа мэдэхгүй хий дэмий туслах хүн хайж нүдээ гүйлгэнэ. Гэтэл нэг мотоциклтой хүн ирээд тусламж хэрэгтэй юу гэхэд өндийгөөд харвал Кэану байсан. Нүдэндээ ч итгэж өгөхгүй түгдэрсээр юу тохиолдсоноо хэлэхэд тэрээр машиныг маань чирэх компани дуудаж өгөөд, харин намайг дугуйндаа сундлаад гэрт буулгасан. Бас надад дугаараа өгөөд өөр хэрэгтэй зүйл гарвал холбоо бариарай гэж хэлсэн. Зүгээр л тэр үнэхээр хүн юм байна лээ. Хүрч болохгүй тэнгэрийн од биш, газраас өндийсөн үзэсгэлэнт ургамал.” lovemyax / reddit

Хамтран ажиллагсадаа хүндэлдэг

“90-ээд оны сүүлээр, би “Chain Reaction”-д туслах дизайнераар ажиллах болсон юм. Миний анхны ажил байсан л даа. Маш их аз завшаан тохиож, Кэанутай хамтарч ажилласан. Гэтэл тэр кино багийнханд өдөр бүр өглөө болон өдрийн хоол авч өгдөг байсан. Үнэхээр хүн бүр л түүнийг хүндэтгэж бишэрч, хайрладаг байсан. Харин тэр хариуд нь бид чинь нэг баг шүү дээ л гэсэн байсан юм. Түүнээс хойш би 30 орчим кинон  дээр ажилласан боловч Кэану шиг тийм найрсаг жүжигчинтэй таараагүй л байна” – bo2dd2 / reddit