Агааржуулагч ашиглахгүйгээр гэрийн таагүй үнэрээс салах мэргэн аргууд

Гэрийн таагүй үнэрийг арилгахын тулд агааржуулагч ашигладаг цаг хэдийн ард хоцорчээ. Агааржуулагч нь олон төрлийн химийн бодис агуулсан байдаг тул эрүүл мэндэд хор хөнөөлтэй болохыг эрдэмтэд хэдийн баталсан. Иймд бид таагүй үнэрээ дарах өөр арга замыг олж нээх хэрэгтэй биш гэж үү? Өнөөдөр та бүхэндээ гэрийн эвгүй үнэрийг арилгах сонирхолтой аргуудыг зааж өгөхөөр бэлтгэлээ.

Жүржийн хальс шатаах

Цитрусын жимсний үнэр нь сэтгэл санааг сэргээж, стрессийг багасгахаас гадна таны гал тогоонд хамгийн тохиромжтой агаар цэвэршүүлэгч болж чадна. Жүрж жимсний хальсыг шатааж, аюулгүй газар тавьж орхи. Энэ нь таны гал тогоог удаан хугацааны турш тааламжтай үнэрээр дүүргэх болно.

Хөргөгчний таагүй үнэрийг хүнсний содаар арилгах

Хөргөгч амархан таагүй үнэртэй болчихоод байдаг шүү дээ. Тэгвэл тус үнэрээс сэргийлэх, салахад танд хүнсний сода тус болно. Хүнсний содыг хөргөгчний буланд багахан асгаад тавихад хангалттай.

Богино долгионы зуухны үнэрийг дарахад нимбэг тус болно

Богино долгионы зуух амархан бохирдож, муухай үнэртэй болчих гээд байдаг сул талтай. Тэгвэл үүнийг нимбэгний шүүсээр шийдвэрлэж болох юм. Та нимбэгийг голоор нь хувааж, тал шүүсийг нь аяганд шахаж хийгээд, талыг нь аяганы хажууд байрлуулж, богино долгионы зууханд хийгээрэй. Ингээд 5 минут зуухаа эргүүлэхэд хангалттай.

Хүнсний содаар матрасаа цэвэрлэх

Матрассаа таагүй үнэрээс хамгаалахын тулд үргэлж хүнсний сода цацаж байгаарай. Хүнсний содаа матрасс руугаа цацаад, 30 минут байлгасны дараа соруулж аваарай.

Зөвхөн матрас гэлтгүй энэ аргыг буйдан дээр ч мөн ашиглаж болох юм. Та туршаад үзээрэй.

Суултуур цэвэрлэгч бэлтгэх

Суултуур цэвэрлэдэг сойз нь танай угаалгын өрөөг таагүй үнэртэй болгож байгаа гол хүчин зүйл байж болно. Иймд ямагт сойзоо цэвэр байлгах шаардлагатай юм. Суултуураа угааж цэвэрлэсний дараа сойзон дээрээ аяга таваг угаагч шингэн хийж байгаарай. Энэ нь сойзонд наалдсан бактерийг устгаж, таагүй үнэр тарахаас сэргийлнэ.

Ариун цэврийн цаасаа агаар цэвэршүүлэгч болгох

Төрөл бүрийн үнэртэй эфирийн тосноос сонгож, ариун цэврийн цаасандаа дусааж шингээгээрэй. Энэ нь угаалгын өрөөг тэр чигт нь таатай үнэртэй болоход туслах юм.