Жинхэнэ эмэгтэй хүн болохын тулд дагаж мөрдөх ёстой дүрмүүд

Эмэгтэй хүн байна гэдэг амаргүй. Ялангуяа төгс төгөлдөр, жинхэнэ эмэгтэй хүн шиг байхын тулд цөөнгүй дүрэмд суралцаж, биеэ зөв авч явах хэрэгтэй болно. Азаар орчин үед жинхэнэ бүсгүй шиг байх нь тийм ч хэцүү биш бололтой. Та доорх хэдэн зааврыг дагаж байхад л хангалттай юм.

Сандлаа налж, наалдаж сууж болохгүй

Эмэгтэй хүн ширээнд суусан бол сандалны хагасыг эзэлж суух ёстой. Мөн сандалны түшлэгийг налж, ширээнд тулж сууж болохгүй. Яг л голд нь нуруугаа цэхлээд суух нь эмэгтэй хүнийг төгс төгөлдөр харагдуулдаг. Ингэж сууж байгаа эмэгтэй өндөр ёс суртахуунтай, хараа булаам харагдах аж.

Нүүр будалтын хэв маягийг дага

Бараантуулж будсан нүд, тод улаан уруул моодноос гараад удаж байна. Иймд нүүрээ зөв хийгээд, тохируулж будах нь маш том соёл. Сууриа аль болох хөнгөн тавьж, хөмсгөө багахан тодруул. Мэдээж нүдээ зөөлөн өнгөөр будаад, хацраа өнгөлж, уруулаа будна. Энэ жил натурал будалт трэнд болж байгаа учир хүнд будалтаас зайлсхийгээрэй.

Өөрийгөө болон цаг заваа хүндэл

Хэрэв таны гэрт урилгагүй зочид ирвэл тэдэнд та сайхан хандаж, үйлчилж, тэдэнд сайхан харагдах гэж цаг заваа үрэх шаардлагагүй. Учир нь таныг бэлтгэлгүй байхад ирсэн нь таны биш тэдний буруу. Англи бүсгүйчүүд гэрт нь урилгагүй ирсэн зочдыг хүлээж авдаггүй бөгөөд урьдчилаад заавал мэдэгдэхийг хүсдэг. Иймд тэд гэрт нь хүн ирэхэд хүрмээ өмсөөд “Яадаг билээ би яг гарах гэж байна” гэдэг гэнэ шүү.

Утсаа ширээн дээр тавьж болохгүй

Хэрэв та анзаарч байгаа бол хүмүүс илүү соёлжсоор байна. Тэд хүмүүстэй уулзаж байхдаа утсаа ашигладаггүй, дууг нь хаагаад далд хийдэг. Ийм байхад та л ганцаараа утсаа ухаж, ширээн дээр гаргаж тавьчихаад байн байн барьж аваад байж болохгүй биз дээ. Энэ нь эмэгтэй хүнийг мунхаг, тэвчээргүй харагдуулдаг учир хамт байгаа хүмүүсээ хүндлээд утаснаас хэсэг холдож байгаарай.

Ташаагаа тулж зогсох хэрэггүй

Гараа ташаандаа авч зогсох нь тийм ч таатай сонголт биш. Зураг авахуулахдаа эсвэл хүнтэй ярилцаж байхдаа яаж зогсохоо мэдэхгүй, гараа хаана тавихаа ойлгохгүй байвал урдаа нийлүүлээд барьж болно. Ямар ч байсан ташаан дээрээ л тавьж болохгүй. Энэ нь таныг тухайн хүмүүст хүндэтгэлгүй хандаж буй мэт ойлгуулна.