Нар, салхинаас арьсаа хамгаалах шалгарсан аргууд

Наадмын амралт гээд хүн бүр л хөдөө гадаа явахаар зэхэж байна уу? Хөдөө хэчнээн сайхан ч гэлээ ганц асуудал тулгардаг нь нар, салхи. Нарны хурц туяа хийгээд салхи нь бидний арьсыг асар ихээр гэмтээж, түлэх төдийгүй хэдхэн хоногт л хүн харахын эцэсгүй болгож орхидог. Тэгвэл та өөртөө багахан анхаарал хандуулах юм бол нар, салхинаас айх айдасгүйгээр хөдөө гадаа аялж болох аж. Хамтдаа нарнаас хэрхэн арьсаа хамгаалах заавар зөвлөгөөтэй танилцъя.

Нарны тосыг цаг ямагт түрх

Нарнаас хамгаалах тосыг худалдаж авахдаа нарнаас хамгаалах коэффициент (SPF)-ийг анзаарч харж байх хэрэгтэй. Энэ нь тухайн тос таны арьсыг нарнаас хэр сайн хамгаалж, хэт ягаан туяанаас хааж чадахыг хэлж өгч байгаа тоо юм. Та сэрүүн эсвэл бага зэрэг үүлэрхэг өдөр ч гэсэн дор хаяж SPF 15-тай нарны тосыг түрхэж байх хэрэгтэй. Учир нь нар харагдахгүй ч, үүлний цаанаас туяагаараа бидний арьсыг гэмтээсээр байдаг. Иймд хэзээ ч хамгаалалтаа сулруулж, нарны тосноос салж болохгүй.

Нарнаас ялгарах хэт ягаан туяа нь арьсанд гүнзгий нэвтэрч, эрт хөгшрөлтөд хүргэх төдийгүй арьсны хорт хавдар үүсгэдэг. Ил гарсан арьсны бүх хэсэгт нарнаас хамгаалах тосыг зузаан түрхэх ёстой.

Нарны хамгаалах тосыг хэрэглэхдээ анхаарах ёстой зүйлс:

  • Хэдий нарны тос түрхсэн ч гэсэн, наранд 2 цагаас дээш хугацаагаар байх шаардлагатай болсон, усанд орсон бол ахин нарны тосоо түрхээрэй.
  • Нарны тосыг 3-аас илүү жил хадгалж болохгүй. Хэрэв тухайн тосыг халуун, чийглэг газар хадгалж байсан бол хадгалах хугацаа нь улам бүр багасна. Иймд хэрэглэж байгаа тосныхоо хугацааг үргэлж шалгаж байгаарай.
  • Зарим арьс арчилгаа, гоо сайхны бүтээгдэхүүн багадаа SPF 15-тай байдаг. Хэрэв таны хэрэглэж байгаа бүтээгдэхүүн ямар ч нарнаас арьсыг хамгаалах үйлчилгээ байхгүй бол заавал дор нь нарны тос түрхэж байх ёстой шүү.

Сүүдрийг найзаа болго 

Шүхэр, мод эсвэл бусад байрны доорх сүүдэр нь арьсны гэмтэл, арьсны хорт хавдрын эрсдлийг бууруулж болно. Иймд гадаа гарсан бол аль болох нарны шууд тусгалаас зугтаж, сүүдэр бараадаж байгаарай. Мэдээж сүүдэрт байлаа гээд таны арьс бүрэн хамгаалагдахгүй учир нарны тосоо урьтаад түрхсэн байх ёстой.

Хувцсаа зөв тохируулж өмс

Урт ханцуйтай цамц, урт өмд, банзал нь таныг хэт ягаан туяанаас хамгаалах боломжтой. Чийгтэй хувцас нь нарны туяаг өөртөө илүү татах аюултай бол, бараан хувцас таныг илүү халууцуулна. Сүүлийн жилүүдэд нарны хэт ягаан туяанаас хамгаалах зориулалттай тусгай хувцаснууд үйлдвэрлэгдэх болсон.

Малгай өмс

Хамгийн сайн хамгаалалт авахын тулд нүүр, чих, хүзүү хэсэгт сүүдэр өгөх малгай өмс. Нарны гэрэл шууд нэвтэрдэг цоорхой сүрэл малгайнаас зайлсхий. Бараан өнгийн малгай нь хэт ягаан туяанаас илүү сайн хамгаалах магадлал өндөртэй.

Нарны шил зүү

Нүдний шил нь таны нүдийг хэт ягаан туяанаас хамгаалж, катаракт үүсэх эрсдлийг бууруулдаг. Мөн таны нүдний эргэн тойрон дахь эмзэг арьсыг нарнаас хамгаална.

Гэхдээ хэт ягаан туяаг маш сайн хамгаалдаг, хамгаалалт өндөртэй шилнүүд ч гэж байдаг. Та сайн судалж мэдсэний дараа худалдан авалтаа хийгээрэй.