130 сая төгрөгийн шивээс хийлгэсэн бүсгүйн өөрчлөлт

Өдгөө 25 настай Амбер Люк хэмээх энэ бүсгүй Австрали улсын Брисбэйн хотод шивээс артистаар ажилладаг байна. Тэрээр бага байхаасаа л өөрийн гадаад үзэмжинд сэтгэл хангалуун бус байснаас үүдэн өөртөө 130 сая төгрөг буюу 70 мянган долларын “хөрөнгө оруулалт” хийжээ.

Тэрээр 16 настай байхаасаа эхлэн өөрийн гадаад төрх, зүс царайндаа сэтгэл хангалуун биш байснаас үүдэн депресст хүртэл өртөж байжээ. “Өөрийн энгийн, уйтгартай, хэний ч анхаарлыг татах зүйлгүй царайнаас болж би хүнтэй ч юм дуугарч чаддаггүй байсан. Толинд харах хүртэл надад хэцүү байдаг байв” гэжээ.

16 настайгаасаа эхлэн гэртээ анхныхаа шивээсийг хийж, үүнээс хойш 9 жил тасралтгүй бие, нүүрэндээ шивээс хийлгэсэн байна. Түүгээр ч зогсохгүй нүднийхээ цагааныг цэнхэр бэхээр будаж, чихээ сэтэлж, хэлээ хүртэл хуваах мэс ажилбарт оржээ.

Одоо түүний биенд нийт 600 гаруй шивээс, 13 персинг байгаагаас гадна хиймэл хөх, өгзөг өргөх хагалгаанд хүртэл орж амжжээ. 9 жилийн хугацаанд хийсэн эдгээр өөрчлөлт нь одоо харин түүнд өөртөө бүрэн итгэх итгэлийг өгсөн гэнэ.

Энэхүү эрс, цочмог өөрчлөлт нь түүнийг олон нийтийн аймшигтай шүүмжлэлд өртүүлсэн бөгөөд үүний хариуд тэрээр “Эхэндээ хүмүүсийн шүүмжлэл надад маш хүчтэй, эмзэгээр тусч байлаа. Гэхдээ тэд ч гэсэн өөртөө таалагдахаа больсон, энгийн л нэг уйтгартай хүмүүс шүү дээ. Би өөрөөсөө өөр хэнийг ч баясгах гэж энэ зоригтой өөрчлөлтийг хийгээгүй” гэжээ.

Одоо Люк өмнө нь сурч байсан “Согтууруулах ундаа, мансууруулах бодисонд донтогчдод туслах, зөвлөх болон гэр бүлийн хүчирхийлэл, сэтгэцийн эмгэг судлал”-ын чиглэлээрээ үргэлжлүүлэн сурч байгаа аж.

 
error: Мэдээлэл хамгаалагдсан !!