Үснийхээ өнгөнд тохируулж, өмсөх хувцасныхаа өнгийг сонгож сураарай

Гоёмсог даашинз өмсөж, өндөр өсгийтөөр хөлөө чимэх төдийд л Үнсгэлжин хэрхэн өөрчлөгдөж, танихын аргагүй болдог үлгэрийг мэднэ биз дээ. Та ч бас өөрт тохирох өнгийн хувцсаар биеэ чимж, өөртөө улам илүү дурлаарай. Алдартай оддын хувцаслалт, стиль имиджийг тодорхойлж өгдөг Жорж Брессиагийн “Хувцсаа өөрчлөөд, амьдралаа өөрчил” номонд “Таны өмссөн хувцас гадаад төрхийг өөрчлөөд зогсохгүй мэдрэмжинд нөлөөлж, сэтгэл санааг засдаг. Мөн үүнийг стресс тайлах нэгээхэн арга гэж хэлж ч болно. Гэхдээ хамгийн чухал өөрт тохирох өнгийн, зохих хувцсыг олох хэрэгтэй.” хэмээжээ. Тэгвэл та өөрийн үс болон царай төрхнийхөө өнгөнд ямар хувцас тохирох болохыг мэдэж аваарай.

Хар хүрэн өнгийн үс

Үсний өнгө гүн тод учир танд тод болон гялалзсан, гэрэлтсэн өнгүүд илүү зохино: улаан, тод ягаан, оюу ногоон зэрэг өнгүүд таны төрхийг улам илүү тод, үзэсгэлэнтэй харагдуулах болно. Мөн хар, цагаан болон саарал өнгө танд сайхан зохино гэдэгт итгэлтэй байгаарай.

Харин завсрын буюу пастел өнгөнүүд таны төрхийг бага зэрэг гундааж мэдэх учир тус төрлийн өнгийн хувцаснаас болгоомжтой байх хэрэгтэй.

Шаргал өнгийн үс

Шаргал өнгийн үс нь цэнхэр болон бор хүрэн өнгөтэй төгс тохирох болно. Цайвар цэнхэр, ягаан, тоорын өнгө зэрэг пастел өнгөнүүд мань таны төрхийг илүү зөөлөн бас сэтгэл татам харагдуулах аж.

Харин танд тохирохгүй өнгүүдэд хар өнгө багтана. Мөн төрөл бүрийн хээтэй, тод хувцаснаас татгалзаж болно.

Улаан хүрэн өнгийн үс

Та зоригтой, тод өнгөөр хувцаслахаас бүү эмээгээрэй. Мөн л таны дүр төрхийг илүү өнгөлөг болгож, олны харцыг булаах болно.

Хар өнгө бол таны дүр төрхийг давамгайлж, үсний тань сайхан өнгийг ч бууруулж чадна. Иймд энэ өнгөнөөс холхон явахад гэмгүй.

Хар өнгийн үс

Хар, цагаан, цэнхэр, нил ягаан, ногоон, тэр ч байтугай төрөл бүрийн хээтэй хувцас танд төгс тохирно. Нэг ёсондоо тод өнгө танд илүү сайхан зохино гэсэн үг.

Нөгөө талаас, цайвар өнгөнүүдээс зайлсхийгээрэй. Хар бараан үсэнд ер нь цайвар, гэгээлэг өнгө тийм ч гоё зохихгүйг хэзээ ч бүү мартаарай.