Будуулсан үсний өнгийг амархан гаргадаг буруу зуршлууд болон үсний будагны тогтоц удаашруулах аргууд

Үс бол гадаад төрхийг гайхалтайгаар өөрчилж чаддаг. Ялангуяа үс засалт, үсний өнгөө өөрчлөхөд царай төрх дагаад тэс өөр болчихдог. Харин будуулсан үсээ хэрхэн арчилж, будгийг нь удаан тогтоцтой байлгах вэ гэх хүндхэн асуулт хүн бүрт тулгардаг. Тэгвэл энэхүү асуултын хариултыг танд өгч байна.

Эхлээд хамтдаа үсний будагны тогтоцыг удаан байлгах аргуудыг мэдэж авцгаая.

Үсээ будсаны дараа үсээ угаах гэж бүү яар

Үсээ будсаны дараа дор хаяж 2 хоног үсээ угаах хэрэггүй. Энэ нь будгийг үсэнд илүү гүн шингэх боломжийг олгож, тогтоцыг удаашруулах юм.

Үсэндээ тохирох маскыг хэрэглэ

Үсээ будуулсан тохиолдолд тэжээлийн тос, маскыг зайлшгүй хэрэглэх ёстой. Энэ нь таны үсийг эрүүл байлгах төдийгүй будгийг үсэнд сайтар шингээж, хадгалж өгөх юм. Иймд өөрийн үсэнд тохирох тосыг хэрэглэж байгаарай.

Үсээ нарнаас хамгаал

Үсний будганд хамгийн халтай зүйлсийн нэг бол яах аргагүй хурц нар. Иймд гадуур гарахдаа малгай өмсөж, үсээ хамгаалж байгаарай.

Үсээ хүйтэн усаар зайл

Үсээ хүйтэн усаар зайлбал эрүүл, гялалзсан болно. Харин угаахдаа бүлээн усыг сонгож байгаарай. Халуун ус үсний өнгийг амархан бүдгэрүүлдэг.

Тэгвэл одоо хамтдаа үсний будгийг амархан гаргадаг буруу үйлдлүүдтэй танилцъя.

Ангижруулагч хэрэглэдэггүй

Үсээ будуулсны дараа ангижруулагч хэрэглэх шаардлагатай. Учир нь үсийг будах явцад үс чийгээ их алддаг тул, хуйх хуурайшиж, үсний өнгө алдагдаж эхэлнэ. Иймд ангижруулагч ашиглаж, үсэндээ хангалттай чийгшэл өгч байгаарай.

Үсээ тогтмол индүүдэж, ороодог

Та хэр олон давтамжтай үсээ ороож, индүүдэж, халуун зүйлээр түлнэ тэр хэрээр үсний будаг тань амархан арилах болно. Та үсний будгаа удаан тогтоосой гэж хүсч байгаа бол энэ мэт зүйлсээс татгалзах шаардлагатай.

Хлортой усанд сэлдэг

Үсний будаг нь химийн бодисоор хийгдсэн тул усан бассейнд байдаг хлор зэрэг бусад химийн бодисуудтай урвалд ордог. Хлор нь цайруулагч бодис тул таны үсний өнгийг бүдгэрүүлэх болно.

Үсээ хатаахдаа алчуураар үрдэг

Үсээ будсан үед ингэж хатааж хэрхэвч болохгүй. Үсийг хооронд нь үрэх нь будгийг хэврэг болгож амархан арилгахаас гадна үсийг амархан гэмтээж, унахад хүргэнэ.