“Youtube” од, мукбангер Ян Сүбиний огцом жингээ хасч, танигдахын аргагүй болсон нууц

Сүүлийн үед хүмүүс “youtube” сувгаар дамжуулан олны дунд алдаршиж, мөнгө олох нь олширсон. Тэдгээрийн хүмүүсийн нэгээхэн жишээ бол мукбангер буюу хоол идэж бичлэгээ оруулдаг Ян Сүбин юм. Түүний хоолоо амтархан идэж байгаа нь хүмүүст тун ч их таалагддаг учир бичлэг хийж эхэлсэн даруйдаа л дагагчдын тоогоо асар богино хугацаанд нэмэгдүүлж, 1 саяд хүргэсэн.

Одоо тэрээр “youtube” 2.71 сая дагагчтай бөгөөд хоолны бичлэгүүдээс гадна нүүр будалт, дууны ковер болон сүүлийн үед тураах зөвлөмжүүд, өдөр тутмын блогууд хийх болжээ.

Тэгвэл түүний хүмүүсийг гайхшруулах болсон өөр нэг зүйл нь түүний жингээ богино хугацаанд хасч, гайхалтай өөрчлөлтийг бий болгосон нь юм. Тэрээр одоогийн байдлаар 131 кг-аас 90.8 кг болтлоо тураад байгаа билээ.

Тэрээр өөрийн ингэж их жинг 10 сарын хугацаанд хассан нууцаа бичлэгүүдээрээ дамжуулан хүргэдэг. Иймд бид та бүхэндээ алдартай мукбангер бүсгүйн хэрхэн турсан нууцаас хуваалцаж байна.

Сүбин хамгийн түрүүнд хооллолтоо багасгасан төдийгүй хоолны цэсэндээ өөрчлөлт оруулжээ. Эхлээд цардуул, чихэр, амт оруулагчтай хоол хүнснээс татгалзаж, илүү их уураг, амин дэмээр баялаг ногоогоор хөргөгчөө дүүргэсэн аж.

Түүний хоолны цэсэнд өндөг, тахианы мах, мөөг, сонгино, ногоон ургамлууд багтдаг. Мөн авокадо, самар зэрэг амны зугаа гаргах эрүүл хүнсийг ч мартдаггүй байна. Сүбин өдөрт 2 удаа хоол иддэг. Өглөө боссоны дараа ногоон смүти бэлтгэж уугаад, өдөр болон орой 17 цагаас өмнө хоолоо иддэг байна. Энэхүү дэглэмийг барьж эхлэхдээ Сүбин багагүй өлсөж байсан ч, бага багаар үүндээ дасал болж, өөрийгөө ялан дийлж чаджээ. Өдөрт 2 хоол идэхээс гадна хоолны хажуугаар төрөл бүрийн амттанг хориглож, 2 литр ус уудаг гэнэ.

Хоолны хатуу дэглэм барихын хажуугаар хөлсөө гаргаж, дасгал хийхгүй бол турна гэдэг үлгэрийн далай болно. Сүбин хувийн дасгалжуулагчтайгаар фитнест явдаг бөгөөд өдөр алгасахгүй хүнд хөнгөн дасгалыг тохируулан хийж, өөрийн бие галбираа өөрчилж чаджээ.

Яг л өөрийн биеийн онцлогт тохирох дасгалыг гаргуулж, багшийн хараа хяналтан дор хэцүү байсан ч тэвчиж, уйлмаар байсан ч нулимсаа залгисаар өнөөдөр ийм том өөрчлөлтийг гаргасан байна. Тэрээр кардио дасгалууд ихээр хийдэг төдийгүй өдөр хоног өнгөрөх тусам дасгалаа хүндрүүлж, өөрийгөө илүү ихээр дайчилдаг байна. Эс бөгөөс өнөөх дасгалдаа бие дасал болж, өөрчлөлт гардаггүй болохыг Сүбин онцолсон юм.

Тэр зөвхөн фитнест яваад зогсохгүй өглөө болон оройн цагаар чөлөөт зав гарах бүрд гүйж, аеробикийн дасгал хийж, өөртөө амрах цаг завыг олгодоггүй аж. Магадгүй хэт их хичээж зүтгэснээс болж, ядаргаанд орж хэсэг эмнэлэгт хэвтээд ч амжсан. Харин түүний багш Сүбинийг хэтрүүлэн хичээлгүйгээр, багшийнхаа заавраар явахад хүссэн үр дүндээ хүрч болохыг сануулсан тухай тэрээр өөрийн инстаграм хуудсаар дамжуулан хэлсэн.

Ямартай ч тууштай хичээл зүтгэлийн үр дүнг бодитоор харуулж байгаа нэгэн бол яах аргагүй Ян Сүбин билээ. Хүмүүс түүний өөрийнхөөрөө байгаа байдал, уянгалаг хоолой, нүүрээ өхөөрдөм гэгч нь будаж байгаа төрх, хоолоо амтархан идэж байгаа царай болон хэзээ ч бууж өгдөггүй зан чанарт дурладаг. Та түүний турж байгаа явцыг харахыг хүсч байвал инстаграм хаягийг нь дагаарай: soobin1119