Биеэ үнэлэгчдийн хүүхдүүдийг үрчлэн авч, өсгөдөг Энэтхэг залуу

Дэлхий дээр тоолж баршгүй их асуудал ундарч байна. Цаг агаарын өөрчлөлт, ядуурал, өлсгөлөн бол “мөсөн уул”-ын зөвхөн орой хэсэг нь. Харин үүний цаана бугларсан, дагтаршсан өчнөөн асуудал байгаа нь хууль бус болон хүсээгүй биеэ үнэлэлт, хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд, секс боолчлол зэрэг юм. Харин энэхүү асуудлыг чадлын хэрээр шийдэж, хүн чанараараа нийгэмдээ хувь нэмэр оруулж байгаа нэгэн Энэтхэг залуугийн түүхийг хүргэе.

Ажет Синх хэмээх залуу анх 17 настай байхдаа үеэлийнхээ үдэшлэг дээр нэгэн бүжигчин бүсгүйг олж харжээ. Гэвч эрчүүдийн түүнтэй харьцаж байгаа байдал нь огт таалагдаагүй учир түүний ажлыг дуустал хүлээж, ярилцахаар шийдсэн байна. Харамсалтай нь тэрээр “амьдрахын эрхэнд биеэ үнэлдэг” нэгэн төдийгүй 3 хүүхдийн ээж байжээ.

Ингээд Ажет 17-хон насандаа өөрийн коллежийн хажуугаар түүний 3 хүүхдийг өргөн авч, тэдэнд өөрийн чадлаар мэдлэг боловсрол олгон, харанхуй амьдралаас нь татаж гаргаж эхлэв. Энэ нь түүний “Гуриа” нэрт төрийн бус байгууллагын үүсэл болсон байна.

Энэхүү ТББ-ын зорилт нь хүүхэд, эмэгтэйчүүдийг хүсээгүй биеэ үнэлэлт, бэлгийн хүчирхийлэл, наймааны золиос болохоос урьдчилан сэргийлж, тэдэнд боловсрол олгох, эрүүл мэндийн байдлыг нь дээшлүүлэх, сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх явдал байв.

“Гуриа” ТББ үүсгэн байгуулагдсанаас хойш тэрээр нийт 2470 хүнийг бэлгийн хүчирхийлэл, наймааны золиос болохоос нь сэргийлж, 150 гаруй хүүхдүүдийг өргөж авчээ. Мөн одоогоор нийт 5400 хүүхдүүдэд мэргэжил үйлдвэрлэлийн боловсрол олгож, тэднээс 460 нь их дээд сургуульд тэнцсэн байна.

НҮБ-ийн мэдээллэснээр бол Энэтхэг улс биеэ үнэлэлтээрээ Конго улсын дараа ордог. Биеэ үнэлэлтийн ихэнх хувь нь хүсээгүй буюу бэлгийн хүчирхийлэл, наймааны золиос болсон эмэгтэйчүүд байдаг нь харамсалтай.

Үүнээс үзэхэд Энэтхэг улс одоог болтол эмэгтэйчүүдийн эрхийг зөрчиж, хүсээгүй гэрлэлтийг хамгийн их үйлддэг улс гэдэг нь тодорхой харагдаж байна. Энэтхэг улсад 3 сая эмэгтэй биеэ үнэлэлт болон секс боолчлолд тарчилж байгаагийн дотор 40 хувь нь насанд хүрээгүй охид байгаа нь харамсалтай хэрэг.

Одоо тэрээр эхнэрийн хамтаар ТББ-аа үргэлжлүүлэн удирдан, олон эмэгтэйчүүдийг секс боолчлолоос хамгаалж, олон хүүхдүүдийг боловсролтой болгохын төлөө ажиллаж байна.

 
error: Мэдээлэл хамгаалагдсан !!