Бэлгийн дарамтны хохирогч болсон охидын яриа

Бэлгийн хүчирхийлэл, бэлгийн дарамт гэдэг таны бодож байгаа шиг, танд харагдаж байгаа шиг зүйл биш ч байж болно. Заримдаа зүгээр л нэг харц, үг хүртэл хохирогчдын сэтгэлд сэв суулгаж, насан туршид нь арилшгүй хөндүүр, шарх болон хувирах нь бий. Английн гэрэл зурагчин Элиза Хатчийн эхлүүлсэн “Cheer Up Luv” хэмээх гэрэл зургийн төсөл нь бэлгийн дарамт, хүчирхийллийн золиос болсон охид эмэгтэйчүүдийн дуу хоолойг олон нийтэд хүргэх, үйлдэгдэж болзошгүй аюулаас тэднийг хамгаалах зорилготой үргэлжилж буй төсөл юм.

1. “Манхаттаны гудамжаар явж байхад өөдөөс охин хүү хоёроо дагуулсан нэг залуу ирж байлаа. Ойртох тусам миний хөл, даашинз, энгэр лүү тэнэг юм гөлөрч намайг эвгүйцтэл ширтэж байв. Яг хажуугаар зөрөхдөө “Би чиний шоколаднаас амталмаар байна” гэж шивнээд өнгөрсөн. Хамгийн аймшигтай нь намайг үгээрээ бэлгийн дарамтанд оруулчихаад явж байхад нь охин нь түүнийг сонсож, хүү нь түүнээс үлгэр дууриал авч байсан юм даа” – Дорина

2. “Хоёр жилийн өмнөх зун супермаркетд явж байхад цэвэрхэн хувцасласан залуу миний хойноос хүрч ирээд “Яасан хөөрхөн гичий вэ” гэж францаар хэлчихээд явчихсан” – Флоренс

3. “Хорватад суудлын галт тэргээр ганцаараа аялж явахад 4 залуу миний өөдөөс хараад сууж байсан. Тэдний нэг нь миний хажууд зөвшөөрөлгүй ирж суугаад зогсохгүй бүтэн 2 цагийн турш сонирхолгүй яриа өрнүүлж намайг залхаагаад заримдаа бүр надад хүрэхийг ч завдаж байлаа. Ганцаараа баймаар байгаагаа хэлэхэд огт тоохгүй надад хүрч, хэзээний танил мэт зан гаргаж эхэлсэн. Хамгийн гол нь миний хажууд хоёр хос сууж байсан ч юу ч хийгээгүй. Галт тэрэг зогсож би буухаар босоход тэр залуу миний өгзгөнд хүрчихсэн. Би уурандаа уйлахаас өөрийг хийж чадаагүй дээ” – Даниел

4. “Нэг өглөө хүрээлэнд гүйж байтал хоёр залуу намайг ширтээд л байсан. Сунгалтын дасгал хийж байх үеэр нэг нь ирээд “Уучлаарай, өөрөө бид хоёртой гурвалсан секс хийхгүй биз?” гэж асуусан. Би юу ч сонсоогүй юм шиг царайлж сунгалтаа хийсээр байтал надаас холдолгүй бүр ойртож ирээд “Наад сунгалтаа хийхээ больж болох уу? Би бүр байж ядаад байна” гэсэн” – Элайн

5. “Нью-Йоркд нүүж ирээд удаагүй байхдаа гарч хот үзэхээр шийдлээ. Метронд суутал нэг өндөр биерхүү залуу яг өмнө минь ирснээ бусад хүмүүст харагдуулалгүйгээр өмднийхөө цахилгааны завсараар бэлэг эрхтнээ гаргаж ирээд оролдож эхэлсэн. Би шоконд орсоноосоо болоод юу ч дугарч чадалгүй дараагийн зогсоол дээр шууд буусан. Миний чих дүнгэнэж, хаашаа явж байгаагаа ч мэдээгүй. Зугаалах хүсэл ч шууд унтарсан” – Жина

6. “17-той байсан байх. Нэг орой найзуудтайгаа гудмаар зугаалж байтал нүдний буланд цахилгаан гялсхийх шиг болохоор нь эргээд хартал камер барьсан хэдэн залуус өнгөрөхдөө инээлддэг юм байна. Гэтэл хойноос миний өгзөгний зургийг ойртуулаад авсан юм байж л дээ. Би хэнд гомдохоо мэдэхгүй ч ямартай ч их цочирдсон. Тэр байтугай найз охид минь хүртэл инээлдэж байсан” – Софей

7. “Парист дөнгөж нүүж ирээд байсан үе. Пиг хүнтэй метронд явж байтал нэг залуу хойноос шахаж зогсохоор нь буух юм байх гэж бодоод зам тавьж өгөв. Гэтэл ахиад л хойноос дагаад чихэн дээр минь амьсгалаад байсан. Эргэж хараад ууртай царайгаа харуултал тоосон ч шинжгүй бүсэлхийнээс минь бариад эрхтнээ миний өгзгөн дээр хэнд ч мэдэгдэлгүй үрж эхлэх нь тэр. Би хөлөн дээр нь байдаг чангаараа гишгэтэл тэр метроноос шууд буугаад явчихсан” – Жульет

8. “Би ганцаараа паркаар алхаж явтал миний урд танихгүй хэдэн охид бас цаахнатай нь хэдэн залуус шар айраг ууж байлаа. Залуусын нэг нь “Тэр халзан нь давгүй юм биш үү?” гэж орилсон. Миний гадаад төрхөөс болоод иймэрхүү үзэгдэл бараг л байнга давтагддаг” – Паскаль

9. “Метро хүлээгээд зогсож байтал хослол өмсөж албан цүнх барьсан нэг залуу намайг чиглэж ирээд дугаарыг минь асуулаа. Найзад нь би таалагдаад түүнд өгөх гэж байгаа гэв. Үгүй гэж хэлтэл их зантайгаар минь дуудаад хажууд байгаад л байв. Тэгснээ миний гутал руу чиглүүлээд бүр 3 удаа шүлсээ заналтай гэгч нь хаяв. Тэнд хамт метро хүлээж байсан хүмүүс харсан хэрнээ огт хараагүй, хамаагүй гэж бодсон бололтой. Миний суух метро ирэхэд тэр залуу үлдээд өөр охин руу явсан даа” – Жулей

10. “14-16 нас хүртэл би гурван удаа танихгүй эрэгтэй хүн миний өмнө эрхтнээ гаргаж, гар хангалга хийж байхыг харсан. Бүгд автобусны буудал дээр, бас бүгдэнд нь би богино юбка бүхий сургуулийн дүрэмт хувцастай байсан.” – Идил

 
error: Мэдээлэл хамгаалагдсан !!