Доналд Трамп бэлгийн хүчирхийллийн хэрэгт холбогджээ

Америкийн загвар өмсөгч асан Эми Доррис хэмээх эмэгтэй, АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампыг өөрийг нь бэлгийн хүчирхийлэлд оруулж байсан хэмээн олон нийтэд зарлалаа.

“Guardian” сэтгүүлд өгсөн ярилцлагандаа тэрбээр энэ тухайгаа тодорхой дурьджээ. 1997 оны 9-р сарын 5-нд болсон US Open теннисний тэмцээний нээлтийн үеэр Эми Доррис найз залуугийн хамтаар, мөн тухайн үед бизнесмэн, үл хөдлөх хөрөнгийн магнат байсан Доналд Трамп болон түүний хоёр дахь гэргий Марла Мэплс нарын хамтаар тэмцээний нээлтийн ёслолд оролцож байжээ. Тухайн үед Доррис 24 настай, Трамп 51 настай байв.

Тухайн үед болсон үйл явдлыг тэрээр нарийвчлан хэлэхдээ: “Трамп миний найз залууг хамт явж байгаа эсэхийг ч хайхарсан шинжгүй надтай яриа өрнүүлэх гэж хичээж, хаа явсан газар минь бараг л дагах нь холгүй байсан. Нэг удаа миний контакт ленз аргаад байхаар нь ариун цэврийн өрөө орж нүдний дусаалгаа дусаачихаад гарч ирэхэд тэр намайг шууд тэвэрч аваад миний хоолойгоор хэлээ явуулсан. Бас цээж, хөх, өгзөг, нурууг минь барьж базалж байсан. Түүний бахим тэврэлтээс мултрах ямар ч аргагүй байсан л даа”.

“Хүний хоолойг долоох гэж оролдохыг яг юу гэж нэрлэдгийг би сайн мэдэхгүй юм. Болиоч, надаас холд, гараа тат гэж зөндөө хэлсэн ч миний үг түүнд юу ч биш гэдгийг мэдсэн. Миний биед яг л наймаалжны тэмтрүүлнүүд хүрч байгаа юм шиг сэжгийн санагдаж байсныг л санаж байна”

“Тухайн үед би болсон явдлыг шууд ээждээ болон итгэлт ганц нэг найздаа хэлсэн” гэсний дагуу найзуудаас нь мэдүүлэг авахад Guardian сэтгүүлд өгсөн ярилцлагатай нь таарч байв. Хамгийн гол нь яагаад тухайн үед зарга үүсгээгүй, харин энэ олон жилийн дараа олон нийтэд зарлаж байгааг нь асуухад тэрээр “2016 онд уг нь би өмгөөлөгч хөлслөөд энэ талаар олон нийтэд дэлгэе гэж бодсон боловч охидууд маань арай л жаахан байсан учир гэр бүлийн маань нэр хүндэд халтай гэж үзээд хойшлуулахаар шийдсэн. Харин одоо ихэр охид маань 13 настай болж, аливаа зүйлийг учрыг ойлгох насанд хүрсэн учраас гомдолтой гэдгээ мэдүүлж, энэ тухай олон нийтэд зарлах цаг нь болсон гэж бодож байна” гэжээ.

US Open тэмцээний дараа тэд мөн л нэг дор хамт хэд хоногийг бөөндөө өнгөрөөжээ. Үлдсэн хэд хоногуудад ахиж ямар нэг зүйл болоогүй аж. Тухайн өдрүүдэд Трампын тусгай зочид болох Ленни Кравитз, Шон Комб, Пуфф Дэдди, мөн Леонардо Дикаприо, илбэчин Дэвид Блэйн нар уригдан ирж, тэд хамтдаа цагийг өнгөрүүлж байсан гэх.

Энэ хэрэг дээр ажиллаж байсан Трампын хуульч нар уг явдлыг эрс үгүйсгэж, няцааж байгаа нь тодорхой. Түүнчлэн гэрчлэх үүднээс тухайн үед тэнд хамт байсан хүмүүст хүсэлт илгээхэд хэн нь ч хариу өгөхгүй байгаа тухай хохирогч Доррис дурьджээ.