Унтахынхаа өмнө сүү ууснаар таны биед гарах өөрчлөлтүүд

Сүү бол шим тэжээлийн маш сайн эх үүсвэр бөгөөд унтахаасаа өмнө ууснаар илүү их ашиг тусыг хүртэнэ. Та орондоо орохын өмнө нэг стакан сүү ууснаар, амар тайван, бат бөх унтаж, эрүүл мэндээ шим тэжээлээр тэтгэхийн зэрэгцээ турах явцаа түргэсгэж болох юм. Тэгвэл хамтдаа унтахынхаа өмнө яагаад аяга сүү уух ёстой талаар илүү дэлгэрэнгүй мэдэж авцгаая.

Сүү нь нойрны чанарыг сайжруулах нэгдлүүд агуулдаг

Хүн болон амьтан дээр хийгдсэн хэд хэдэн судалгаагаар, сүү ууснаар илүү сайн, бат бөх унтдаг болох нь батлагдсан. Сүү нь триптофан ба мелатонин агуулдаг бөгөөд энэ нь илүү амархан бас хурдан унтах нөхцлийг бүрдүүлдэг. Триптофан нь серотониныг үйлдвэрлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг ба үүгээр дамжуулан сэтгэл санааг тайвшруулах бол мелатонин нь биеийг унтахад бэлтгэдэг байна.

Судалгаанаас харахад мелатонин, триптофаны нэмэлт тэжээл ууж хэрэглэх нь сэтгэлийн түгшүүр, зовнил хийгээд стресээс ангижруулж, амар тайван унтахад чухал үүрэг гүйцэтгэдэг аж. Тэгвэл та эдгээрийг заавал бэлдмэлээр уух биш, сүүнээс биедээ авах бүрэн боломжтой юм.

Сүү бол уургийн эх үүсвэр 

Хэрэв та оройн хоолоо эрт идчихээд орой өлсөөд таагүй байвал аяга сүү уучихаад унтаарай. Энэ нь таны шөнө өлссөнөөс болж сэрэх, тухгүй байх зэргээс сэргийлэх юм.

Сэтгэл санааг тайтгаруулж, нэг төрлийн сэтгэл зүйн эмчилгээ болно

Унтах гэхээр л хэрэгтэй хэрэггүй зүйлс толгойд эргэлдэж, сэтгэл санааг тавгүй болгож орхидог. Ингэснээр шөнөжин унтахгүй хөрвөөж, өглөө нь ямар ч хүчгүй, стрессээр дүүрэн хүн ажилдаа очно. Харин ингэж эхлүүлсэн өдөр яаж үргэлжлэх нь тодорхой. Иймд сэтгэл санаа тань тавгүй байвал орой унтахаасаа өмнө аяга сүү уучихаж байгаарай. Дээр дурдсанчлан энэ нь таныг тайвшруулж, биеийг амраах үйлчилгээ үзүүлнэ.

Турах явцыг түргэсгэнэ

Оройн цагаар өлсөөд ямар нэгэн зүйл идмээр санагдаад хэцүү байдаг уу? Тийм бол таргалуулах хүнс идэхийн оронд аяга сүү уучихаж байгаарай. Энэ нь таныг таргалалтаас сэргийлээд зогсохгүй сайн унтаж амрахад тусалж, жингээ хасах явцыг үр дүнтэй болгоно. Мэргэжилтнүүд сайн амрах нь турахад хамгийн сайн нөлөө үзүүлдэг болохыг онцолдог.

Булчингийн массыг нэмэгдүүлнэ

Сүү нь казеин ба шар сүүний уураг агуулдаг. Орой казеин ба шар сүүний уураг хэрэглэвэл нэг шөнийн дотор булчингийн уургийн нийлэгжилтийг нэмэгдүүлдэг болохыг хэд хэдэн судалгаагаар баталсан байдаг.