Таны баяжих замд садаа болж буй зүйлс

Нэг л өдөр баяжина гэсэн бодлыг толгойдоо тээж амьдарсаар байна уу? 2016 онд хийсэн судалгаагаар долларын саятангуудын 78 хувь нь дундаж оролготой болон дундаас доогуур амьдралтай гэр бүлээс гаралтай болохыг баталсан. Тиймээс танд ч бас боломж байгаа гэдгийг санаарай. Өнөөдөр та бүхэндээ баян болохыг хүсч байгаа бол хийхээ болих хэрэгтэй зүйлсийн жагсаалтыг хүргэж байна.

Хүмүүсийн гадаад үзэмжийг харж харьцах

Хүмүүс аливаа шийдвэр гаргахдаа үргэлж өнгөнд хууртаж, гоё сайхан харагдсанг сонгох талтай байдаг. Харин энэ нь ихэнхдээ таныг алдаа гаргаж, буруу шийдвэр рүү хөтөлдөг. Ертөнцийн гоё сайхан бүхэн харагдаж байгаа шигээ биш бөгөөд гаднаа гяланцаг, дотроо паланцаг гэх зүйр үгийн адил сайхан бүхнээр бидний нүдийг хуурах нь элбэг. Нэгэн жишээ татвал, ажилд орох ярилцлаганд орсон залуу 2 газарт тэнцэв. Ингээд сонголт түүний толгой дээр бууж ирж байгаа хэрэг. Нэг ажлын оффис нь орчин үеийн хэв маягтай, өнгөлөг харагдах бол, нөгөөх нь цэвэрхэн хэдий ч хүний нүд тусах зүйлгүй. Залуу орчин үеийн, загварлаг оффистой ажлыг зөвхөн нүдэндээ итгэж, сохроор сонгоод, өөрт нь асар их боломжийг олгож, карьерийг нь өргөж өгөх байсан өнгө зүс муутай оффистой ажлыг орхино.

Бид ямагт ийм л шийдвэр гаргадаг. Нүдэндээ хууртаж шийдвэр гаргасан хэвээр байвал та хэзээ ч мөрөөддөг шигээ амжилттай, чинээлэг нэгэн болж чадахгүй.

Сөрөг зүйлсээс хол байхыг хичээх

“Поллианна” гэдэг нь бүх сөрөг мэдээллийг үл тоомсорлож, өөрийн тухай зөвхөн эерэг сэтгэгдэлтэй санал нийлэх хандлагатай хүмүүст өгдөг нэр томъёо юм. Бүх зүйлээс эерэг зүйлийг олж чаддаг охины тухай роман болох Поллианна номноос эхтэй. Ийн сөрөг зүйл мэдээлэл, зөрчилдөөн, шүүмжлэл зэргийг сонирхолгүй тоолгүй хаях нь таны мөрөөдөл болсон санхүүгийн эрх чөлөөнд хүрэх явцад ихээхэн саад учруулах юм.

Энэ асуудлаас сэргийлэхийн тулд бүх мэдээллийг нухацтай авч үздэг байх хэрэгтэй. Ялангуяа төлөвлөгөөнөөс давсан төлбөр тооцоо, зээл гэх зэрэг зүйлсэд илүүтэй анхаарал хандуулж, хэрхэн цаашдаа энэ асуудал давтагдахгүй байхад талаар эргэцүүлээрэй. Амьдрал үргэлж сайхан, асуудалгүй, аз жаргал бялхаж байх боломжгүй тул сөрөг мэдээллийг ч мөн хүлээж авч чаддаг хүчтэй байх ёстой шүү.

Залхуурлын нөлөө

Мэдээж хүн бүрт амралт хэрэгтэй. Гэхдээ амралтаа зохицуулж чаддаг байх ур чадвар хамгийн их хэрэгтэй. Зурагт үзэж буйдандаа шигдэх, утсаа ухаж орондоо хэвтэх нь ямар нэгэн зардал гаргахгүй учир хүмүүст таатай санагдана. Гэхдээ таны хий дэмий өнгөрүүлсэн цаг хугацаа хэчнээн их мөнгөөр хэмжигддэг болохыг бодоорой. Ямар ч хэрэгцээгүй зүйлд цагаа зарцуулахын оронд өөрийгөө хөгжүүлэх, нэг зүйл ч болов мэдээд, ажлаа төлөвлөж суух гэхчлэн хийх зүйлс дэндүү олон. Ядаж л хий дэмий хэвтэхийн оронд унтаж байвал ядаж л сайн амарч аваад ажлаа эхлэхэд тустай шүү дээ.

Тиймээс хамгийн чухал зүйл бол залхуурлыг ялан дийлэх юм. Ажлаа тараад гэртээ очоод унтах хүртлээ утсаа оролдож хэвтэхийн оронд ядаж л гадаад хэл дээр кино үзэх хэрэгтэй биш гэж үү? Нэгдүгээрт хэлний мэдлэг тань зузаарна, хоёрдугаарт сонирхолтой кино үзчихнэ. Таны олж авсан мэдлэг бүхэн эргээд мөнгө олж ирнэ.

Өөрт байгаа хөрөнгөө ашиглахгүй байх

Бидний эзэмших гэсэн шунал, пүүсүүдийн ухаалаг, зальжин зар сурталчилгаа, маркетингийн бодлогын биелэл болсон ганцаас илүү өмсөөгүй хувцас, огтоос хэрэг нь гараагүй тавилга цахилгаан бараа айл бүрт бий. Хувцасны шүүгээ, агуулахад мөнхрөх эсвэл хаягдахаас өөр ирээдүйгүй энэхүү бүтээгдэхүүнүүдийг ахин эргэлтэд оруулах нь хэрэглээг танаж, байгаль орчныг хамгаалах давуу талтай. Үүнийг ерөнхийд нь хамтач эдийн засаг хэмээн нэрийддэг. Хэрэглэхээ больсон, хэнд ч хэрэггүй хог болон хэвтэж байгаа эд зүйлсээ хэрэгтэй хүнд нь түрээслүүлж, мөнгө олох боломжтой юм. Энэ мэтчилэн мөнгө олж болох ухаалаг гарч гаргалгааг хайхгүй, өдөр бүр ажлаа хийж, сар бүр цалингаа хүлээж суусаар хэзээ та баяжих билээ.

Урт хугацааны төлөвлөгөөгүй байх

Томоор харж, алсыг ажиж байж л хүн амжилтад хүрч чадна хэмээдэг. Сэтгэлгээ нь жижигхэн, ядуу байх тусам амьдрал нь яг л тэр жимээр аажуухан алхална. Тиймээс яг одооноос дор хаяж таван жилийн нарийн төлөвлөгөө гаргаж, мөнгө зарцуулалтаа тооцоолоорой.

Бараа бүтээгдэхүүний үнийг мэддэггүй

Баяжихийн тулд нарийн гэхээсээ илүү ухаалаг байх ёстой. Орж ирсэн мөнгөө ямар ч бодлогогүйгээр үрээд дууссаар хэдэн жилийг өнгөрүүлж байна даа? Ядаж л худалдан авч байгаа зүйл, барааныхаа ерөнхий үнэ өртгийг мэддэг байх хэрэгтэй. Ингэж байж хийсэн худалдан авалт танд үр өгөөжөө өгч, багагүй мөнгө хэмнэхэд туслах юм. Ямар ч мэдээлэл, мэдлэггүй хүмүүс үргэлж бусдад мэхлүүлж, эд хөрөнгөөрөө хохирч байдаг.

Хэмнэлтийг буруу аргаар хийх

Мөнгөө хэмнэх гэсэндээ кино театрд кино үзэхээс татгалзаж, найзуудтайгаа гадуур хооллохоос цааргалж, ажил гэр гэхээс өөр маршрутгүй болсон уу? Энэ нь таныг эргээд сэтгэл санааны хямралд оруулж, амьдралыг утга учиргүй мэт санагдуулж эхэлнэ. Хэмнэлт хийх гэж оролдох нь зөв боловч арга нь буруу. Гэртээ өөрийгөө хорьж, мөнгө үрэхээс сэргийлэхийн оронд мөнгө их шаардагдахгүй зүйлсийг хийж үзээрэй. Ууланд гарах, гадуур алхах, найзуудыгаа гэртээ урьж цайгаар дайлах гэх мэтчилэн мөнгө үрэхгүйгээр олон нийтээс өөрийгөө тусгаарлахгүй байх аргууд олон.

Бусдад туслахгүй байх

Ганцаараа амжилтад хүрсэн хүн гэж нэг ч үгүй. Хүмүүс нэгнийгээ дэмжиж, эргээд хариуг нь барьж явсаар амжилтад хүрцгээдэг. Тиймээс хувиа хичээж, өөдгүй зан гаргаж явсаар өөрийгөө сайн сайхан ирээдүйд хүрч чадна гэж төсөөлөх хэрэггүй. Хэрэгтэй хүнд нь чадах хэрээрээ тус хүргэх нь эргээд танд асар их боломжийг олгоно.