Олон нийтийн арга хэмжээний үеэр нь хүүхэд нь уурлаж, дүрсгүйтээд байвал Кейт Миддлетоны хэрэглэдэг аргууд

Хүүхдээ үргэлж өөрийн үгээр, томоотой байлгана гэдэг боломжгүй. Ялангуяа олон нийтийн газраар хүүхэдтэйгээ явахад хүүхэд ядарч, уурлаж, уйлж, сахилгагүйтэж эхэлдэг. Энэ үед хүүхдээ загниж болохгүй, яахаа мэдэхгүй аав ээж нар маань тун ч хэцүү байдалд ордог шүү дээ. Тэгвэл хатан хааны гэр бүлийн шигтгээ болсон гүнгийн авхай Кейт Миддлетон хүүхдүүдээ хэрхэн тайвшруулж, гадуур авч явахдаа томоотой байлгадаг болохыг хамтдаа мэдэж авцгаая.

Хүүхдийнхээ толгойг зөөлөн илдэг

Кейт Миддлетон нь Жорж, Шарлотт, Луис гэсэн 3 хүүхдийн ээж юм. Гүнгийн авхай болон түүний нөхөр ханхүү Уильям нар олон нийтийн арга хэмжээнд оролцохдоо хүүхдүүдээ дагуулж явдаг бөгөөд хүүхдүүд ядрах, бухимдах, уйлах нь тогтмол тохиолддог зүйл. Харин гүнгийн авхай хэрхэн хүүхдүүдээ тайвшруулдаг вэ?

Хэрэв та түүний хүүхэдтэйгээ харилцаж байгаа зургуудыг сайтар ажиглаж харвал, тэрээр хүүхдийнхээ толгойг хөнгөн илж байгаа нь харагдана. Энэ нь хүүхдийг тайвшруулах нэгээхэн арга болохыг сэтгэл зүйчид онцолдог. Хүүхэд уурлаж эхлэхэд толгойг нь хөнгөн илж, сэтгэл санааг нь тогтворжуулдаг байна.

Өвдгөө нугалж доош суугаад, хүүхдийнхээ нүд рүү харж ярилцана

Хүүхэдтэйгээ ярилцах, түүнийг тайвшруулах шаардлага гарсан тохиолдолд доош суугаад, хүүхэдтэйгээ ойртон суудаг. Хүүхдийнхээ нүд рүү харж байгаад зөөлөн аядуу өнгө аясаар ярилцаж, тайвшрахыг хүсдэг байна. Энэ нь маш зөв арга болохыг хүүхдийн сэтгэл зүйчид онцолдог бөгөөд хүүхдээ загниж зандрахын оронд түүнтэй ойртож, хайраа багтааж ядан, буруу зөвийг ойлгуулж хэлэхийг зөвлөдөг.

Хүүхдийн анхаарлыг өөр зүйлд хандуулдаг

Кейт Миддлетон хүүхдүүд нь тэсвэр алдарч, бухимдаж, уурлаж эхлэхэд анхаарлыг нь өөр тийш нь хандуулж, тайвшруулахдаа гаргууд гэнэ. Сонирхолтой таавар таалгаж, ойр хавьд харагдах зүйлсийг зааж, тэдэнтэй хөнгөн тоглож, инээлгэж чаддаг байна.

Мөн тэрээр хэчнээн завгүй байлаа ч, хүүхдүүдтэй ойр ойрхон агаарт гарч, тэднийг байгаль эх дэлхийтэй ойр байлгахыг хичээдэг аж. Ингэснээр хүүхдүүд илүү тайван, ухаалаг, уужим болж хүмүүждэг болохыг авхай онцолжээ.

Гүнгийн авхай хүүхдүүдээ дагуулан ойн цоорхойд очиж суугаад ном уншиж өгөх дуртай гэнэ. Хүн бүрийн харцны дор амьдардаг хатан хааны гэр бүлийнхэн асар их дарамт мэдэрч, үргэлж төгс төгөлдөр байх ёстой гэх дүрмийг баримталдаг. Тиймдээ ч тэр их анхаарлаас түр ч атугай холдож, хүүхдүүдтэйгээ амар амгаланг мэдрэх нь түүний хувьд диваажин мэт байдаг аж.

 
error: Мэдээлэл хамгаалагдсан !!