Хэдэн наснаас хүүхдүүд гэрийн ажил хийж эхлэх хэрэгтэй вэ?

Эрдэмтэд, судлаачдын үзэж байгаагаар багаасаа гэрийн ажил хийж өссөн хүүхдүүд нас биед хүрээд илүү хариуцлагатай, ухаалаг болж төлөвшдөг төдийгүй амжилтад хүрэх магадлал өндөр байдаг аж. Тиймээс эцэг эхчүүдийг хүүхдээ нас насанд нь тохирох ажил хийлгэж байх хэрэгтэй болохыг зөвлөдөг. Харин хүүхдийг хэдэн наснаас эхэлж, ямар ажил хийлгэх ёстойг хамтдаа мэдэж авцгаая.

2-2.5 нас: Юмыг эмхэлж цэгцлэх

Хүүхэд тань 2 нас хүрсний дараа аливаа зүйлсийг хураах, цэгцлэх ажилд сургаарай. Өөрийн тараасан тоглоомоо хураах, тайлсан хувцсаа угаалгын өрөөнд оруулж сагсанд хийх, хогоо хогийн саванд хийх гэхчлэн эдгээр зүйлсийг дадал болгох хэрэгтэй.

6-7 нас: Чадах зүйлсээрээ бусдад туслах

Энэ насанд хүүхдээ бусдад туслах, аливаа ажилд өөрийн хувь нэмрээ оруулах хэчнээн чухал болохыг ойлгуулаарай. Ээжийгээ хоол хийж байхад туслах, ширээгээ засах, хоол идсэний дараа аяга тавгаа хураах төдийгүй гэрийн тэжээмэл амьтнаа хооллох гэх мэт ажлыг хийж, гэрийнхэндээ тус хүргэх нас. Хүүхдийн хөгжилд эдгээр бага сага ажлууд тун ч их тус болох төдийгүй багаар ажиллаж, бусадтай сайн харилцаатай байхад гол нөлөөг үзүүлнэ.

8-9 нас: Бүх зүйлсийг байх ёстой байранд байрлуулах

Хүүхэд том болох тусам аливаа зүйлсэд хариуцлагатай байх талаар сургаарай. Хэрэглэсэн бол буцаагаад байранд нь тавих, өөрийн эд зүйлсээ байр байранд нь байрлуулах, өрөөгөө өөрөө цэгцлэх, хичээлээ бусдын тусламжгүйгээр бие дааж хийх гэх зэрэг зүйлсийг хийдэг байх ёстой.

10-11 нас: Биеэ дааж гэрийн ажил хийх

Хийх ёстой ажлуудынх нь жагсаалтыг гаргаж өг. Ингэснээр хүүхэд өөрөө цагаа тохируулж, ажлуудаа зохицуулах чадвартай болно. Өөрөө биеэ дааж, гэрийн ажлууд хийж сурснаар энэ нь тэдний хүмүүжилд эерэг сайнаар нөлөөлж, нас биед хүрсний дараа ч эдгээр чадварууд нь ажил амьдралд нь хэрэг болох юм.

12-15 нас: Өөрийн чадвар, чадамждаа итгэлтэй болгох ажлууд

Хүүхэд том болох тусам өөрийгөө хэрэгтэй нэгэн гэдгийг мэдрэх дуртай байдаг. Бусдад тус хүргэх, өөрийгөө ямар нэгэн ажлыг бүрэн гүйцэт хийж дуусгалаа гэх мэдрэмж авах, бага ч атугай аав ээжийнхээ ажлыг хөнгөлж өглөө гэх бодол зэргийг хүүхдэд төрүүлэхийн тулд зарим ажлыг хийлгэх хэрэгтэй. Машин угаалгах, ор хөнжлийн даавуугаа солих, хувцас индүүдэх, цонх угаах, өглөөний цай бэлтгэх зэрэг ажлууд нь хүүхдийг хүмүүжилтэй, ёс суртахуунтай болоход тусална. Хүүхдийг ажлаар хүмүүжүүлэх нь хамгийн зөв арга бөгөөд гэрийн ажил хийж өссөн хүүхдүүд маш хариуцлагатай, цагийн юмыг цагт нь хийдэг, түргэн шуурхай нэгэн болдог.

+16 нас: Томчуудын амьдралд бэлтгэх

Хүүхэд 16 нас хүрсэн бол түүнд биеэ даах боломжийг олго. Бүх юмыг нь урд нь бэлдэж өгөхөөс илүүтэй зарим ажлыг түүнд даатгаж, ганцаараа амьдрах болсон ч газардахгүй болгоорой. Хоол хийх, дэлгүүр орж хүнсээ цуглуулах, хувцсаа угаах, чийдэнгээ солих гэх зэрэг ажлуудыг тэдэнд даатгаж байгаарай. Тэд хожим таны зааж сургасан эдгээр чадваруудад талархана гэдэгт итгэлтэй байна.

Хүүхдээ хайрлах хэрэгтэй. Мэдээж тэднийг хайраар дутааж болохгүй. Гэхдээ хайрлах нь урдуур нь орж хамаг зүйлсийг нь бэлтгэж өгөн, бэлэнчлэх сэтгэлгээтэй болгох биш. Харин ч та хүүхдэдээ хайртай бол, ирээдүйд түүнийг хэний ч гар харахгүй, өөрийгөө аваад явах хэмжээний чадвартай болгох юм шүү.

 
error: Мэдээлэл хамгаалагдсан !!