Нүүрээ орой бүр 60 секунд угаах нь ямар ашигтай вэ?

Асуудалгүй, толигор, эрүүл арьстай байхад үргэлж үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүн шаардагддаггүй бололтой. Та нүүрээ зөв угааж, сайтар цэвэрлэж байхад л маш олон арьсны асуудлаас сэргийлж чадах аж. Харин хэрхэн нүүрээ зөв угаахыг доорх мэдээллээс уншиж судалцгаая.

Нүүрээ угааж цэвэрлэхэд хангалттай урт хугацаа олго

Судалгаагаар охид бүсгүйчүүд нүүрээ угаахад ойролцоогоор 15 секунд зарцуулдаг байна. Гэвч энэ нь нүүрээ гүйцэт цэвэрлэхэд хангалттай хугацаа биш аж. Бид доод тал нь 60 секунд нүүрээ угааснаар, арьсанд наалдсан төрөл бүрийн бохирдол арилж, гүйцэт цэвэрлэгдэнэ.

Нүүрээ зөв угаах хэрэгтэй

Өдрийн туршид арьсны нүхэнд гүн нэвтэрсэн нүүрний будгийн хамт маш олон бактери хуримтлагддаг. Хангалттай хугацаанд нүүрээ угааж, цэвэрлэгээ хийснээр бохирдлыг илүү үр дүнтэй арилгах боломжийг олгодог. Энэ нь арьсыг гэрэлтсэн болгож, зөөлрүүлнэ.

Нүүрээ угаахдаа зөв тохирох угаагчийг сонгох нь хамгийн чухал. Өөрийн арьсны онцлогт тохирох угаагч сонгох хэрэгтэй бөгөөд хөөсөн угаагчийг мэргэжилтнүүд санал болгодог. Мөн гуужуулагч ойр ойрхон хэрэглэхээс татгалзаарай. Нүүрээ сайн цэвэрлэж байна гээд бүсгүйчүүд маань нүүрээ үрж гуужуулж эхэлдэг. Гэхдээ үүнийг та долоо хоногт 1-2 удаа хийхэд хангалттай бөгөөд хэтэрхий ойр ойрхон хэрэглэснээр арьс гэмтэнэ.

Нүхжилтийг арилгахад тусална

Нүүрээ 60 секунд угааж хэвших нь нүхжилтийг арилгахад тодорхой хэмжээний тус хүргэнэ. Таны нүүрний арьсны үхсэн эсүүд ба бактериуд нь нүүрний байгалийн гаралтай тос (тосны булчирхайгаас гаралтай)-той холилдож, арьсны нүхийг бөглөнө. Энэ нь хар, цагаан батга гаргаж, нүхжилт үүсгэх юм. Харин нүүрээ сайтар угааж цэвэрлэж сурснаар, нүхэнд бөглөрсөн бохирдлыг багасгаж, нүхжилтийг арилгахад туслах аж.

Нүүрээ хэрхэн угаах нь хамгийн чухал 

Нүүр угаах сойз, багс, пролон аль нь ч хэрэггүй. Зөвхөн хурууны өндгүүдийг ашиглаж нүүрээ угаах хэрэгтэй. Хуруугаар дарж нүүрээ угааснаар цусны эргэлтийг сайжруулж, үрчлээг багасгах, арьсны өнгийг сайжруулах гэх мэт нүүрэнд эерэг нөлөө үзүүлдэг. Тослогоос хуурай хүртэлх бүх төрлийн арьстай хүмүүс нүүрээ ингэж угаахыг зөвлөж байна.

Өөр бусад ашигтай талууд ч бий

Нүүрээ угаахдаа хурууны өндгөөр дух, хацар, эрүү орчимдоо иллэг хийж, цусны эргэлтээ сайжруулж болно. Мөн угаах явцдаа хуруугаар арьсыг дээш татаж, үрчлээнээс ч сэргийлэх боломжтой юм. Нүүрээ угаасан бол гялс усаар илэхийн оронд илүү их цаг зарцуулж, арьсныхаа эрүүл мэндэд анхаарч байгаарай.