Өөрөө оёдол хийхийг сурч, охиндоо +100 даашинз урлаж өгсөн аав

Сю Руйчин гэх Хятад залуу өнөөдрийг хүртэл охиндоо нийтдээ 100 гаруй даашинз оёж өгчээ. Шидэт үлгэрээс гарч ирсэн мэт үзэсгэлэнтэй, хараа булаам эдгээр даашинзыг охиндоо оёж өгөх болсон шалтгаан нь ердөө л охиныхоо хүүхэд насыг мартагдашгүй, дурсамж дүүрэн өнгөрүүлэхийг хүссэнтэй холбоотой гэнэ. Хамтдаа аав охин хоёрын хайр татам түүхтэй танилцъя.

Энэ бүхэн хямдхан даавуунаас эхэлсэн

Сю Руйчин захаар явж байгаад хямдхан хэрнээ нүдэнд тусахуйц даавуу зарж байгаа худалдаачинтай таарсан байна. Зуны улирал байсан тул тэрээр охиндоо даавуугаар даашинз хийлгэж өгөхөөр шийдэж, халаасандаа байсан мөнгөндөө тааруулж даавуу авчээ.

Оёдолчин дээр даавуугаа барьж очоод, ямар загвартай даашинз оёулахыг хүсч байгаагаа хэлээд явж. 2 хоногийн дараа очиж даашинзаа аваад, охиндоо өмсгөхөд үнэхээр сайхан харагдаж байв. Залуу ч охиноо харьцангуй хямд үнээр, хөөрхөн даашинзтай болгож өгсөндөө сэтгэл хангалуун байсан нь гарцаагүй. Тэрээр зах орох бүртээ өөр өөр өнгийн даавуу, жижиг хэрэгсэл авч оёдолчинд аваачиж өгөн, даашинз урлуулах болов.

Гэвч нэг өдөр байнга очдог оёдолчин нь өөр хот руу нүүсэн гэх мэдээг сонсож, залуу шууд л өөрөө оёж эхлэхээр шийдсэн байна. Ээжээсээ очиж оёдлын машиныг нь аваад, эсгүүр гаргуулж, түүнд холбож оёх ажил үлдэв. Түүний хувьд энэ шинэ зүйл байсан учир залуу хоёр долоо хоногт ердөө ганц даашинз гараасаа гаргаж байжээ.

Даашинзны загвар, санаанууд

Сю Руйчин интернэт, төрөл бүрийн загварын нэвтрүүлэг, ном сэтгүүл зэргээс санаа авч, даашинзууд бүтээдэг аж. Тэрээр нэг л мэдэхэд энэ ажилд дурлаж байгаагаа ухаарч, амсхийх завгүй үргэлжлэх энэ амьдралд тайвшрал өгч болох зүйл олсондоо баяртай байгаа гэнэ.

Залуу ямар нэгэн хэв загварт баригдалгүйгээр төрөл бүрийн даашинз урлаж, охиндоо үргэлж шинэлэг мэдрэмж төрүүлэхийг хүсдэг байна. Оёх тусам түүний гар эвлэрч, одоо бүр 3 хоногт нэг даашинз гаргачихаад, хангалттай чөлөөт цаг гарч байгаа гэнэ шүү.

Охин аавынхаа оёж өгсөн даашинзуудыг өмсөх тун ч дуртай. Гадуур цуглаан, найзуудтайгаа зугаалах, гэр бүлийн уулзалт гээд хаашаа ч явсан аавынхаа нэрийн хуудас болсон даашинз өмсөж, нүүр дүүрэн инээд тодруулсан явдаг аж.

Аав охин хоёр өөрсдийн бүтээсэн даашинзны зургийг авч, сошиалд байршуулах болсон нь тэднийг чамгүй алдартай болгожээ. Маш олон эцэг эхчүүд Сю Руйчин рүү холбогдож, захиалгаар даашинз хийж өгөхийг хүсдэг боловч залуу одоохондоо хүмүүст мөнгөөр худалдах хэмжээнд өөрийн чадвараа очоогүй гэж үздэг. Охин маш олон даашинзтай, нэг өмссөн даашинзаа бараг л ахиж өмсддөггүй тул аав охин хоёр даашинзуудаа гоё сайхныг мэдэрч үзээгүй, тансаг даашинзыг зурагт сэтгүүл дээрээс л харж мөрөөдөхөөс хэтэрдэггүй бяцхан гүнжүүдэд бэлэглэдэг байна.