Өмсөх дуртай оймсоороо өөрийгөө шинжээрэй

Хүн бүрийн хүсэл сонирхол, юмыг харах өнцөг өөр байдаг. Харин тухайн хүнийг тодорхойлохдоо өмсөж байгаа оймсыг харж болох гэнэ шүү. Оймс ч бас тухайн хүнийг тодорхойлж чадах нэгээхэн хүчин зүйл болдог байна. Ингээд хамтдаа өмсөх дуртай оймсоор нь хүнийг хэрхэн шинжиж болдгийг мэдэж авцгаая. Та ч бас өөрийгөө өмсдөг оймсоороо шинжээд үзээрэй.

Цагаан өнгийн оймс

Үргэлж л цэвэрхэн цагаан оймс өмсдөг хүмүүс байдаг даа. Хамгийн гол нь тухайн оймс нь яг л шинэ мэт ямар ч хир буртаг, толбо гэж байхгүй. Ийм төрлийн хүмүүс нь нямбай, цэгцтэй, хариуцлагатай байдаг. Өөрийн хийх ёстой ажлаа цаг тухайд нь хийж, бусдаас ч бас тийм байхыг шаарддаг. Өөртөө хэт их шаардлага тавьдаг учир үүнээсээ болж сэтгэл санаа тогтворгүй, зовиуртай байх нь бий. Нэг үгээр хэлбэл тэд төгс байхыг хүсэгчид.

Өнгө өнгийн, зурагтай оймс

Сүүлийн үед төрөл бүрийн өнгөтэй, зурагтай оймс трэнд болж байна. Та ч бас трэнд дагаж, тухайн төрлийн оймсыг өмсөх дуртай юу? Хэрэв шүүгээнд тань бүх оймс зурагтай, төрөл бүрийн өнгөтэй бол та өөрийгөө чөлөөт сэтгэхүйтэй, хөгжилтэй, гэгээлэг нэгэн хэмээн ойлгож болно. Мөн оймсны өнгөөр нь тухайн хүнийг шинжиж болох бөгөөд цэнхэр оймс өмсөх дуртай бол тайван, сайхан сэтгэлтэй, зөөлөн, харин шар өнгийн оймс өмсөх дуртай бол бүтээлч, нийтэч, чөлөөт сэтгэхүйтэй хэмээн дүгнэж болох юм.

Хар өнгийн оймс

Классик хар өнгийн оймсонд дурлагч хүмүүс нь бага зэрэг хатуу чанга зан чанартай. Үгүй гэсэн зүйлээ хэзээ ч хийдэггүй, бусдын ятгалганд ордоггүй бөгөөд зөвхөн өөрийн зөв гэж бодсоноо л хийдэг төрлийн хүмүүс юм. Зөрүүд зан нь хөдөлвөл тэднийг хэн ч дийлэхгүй.

Спорт логотой оймс

Бараг ботинк дотуур спорт логотой оймс өмсөх нь холгүй хүмүүс байдаг даа. 7 хоногийн 24 цаг ийм оймс өмсдөг хүмүүсийг спортын хорхойтон хэмээн нэрлэхээс өөр яах билээ. Тэд сэтгэл зүйн хувьд бусдын бодлоос эмээдэг төдийгүй бие даах чадвар султай төрлийн хүмүүс. Тиймдээ ч бусдын хандлагыг дагаж, сайн мэдэхгүй атлаа брэнд логотой оймсыг сонгож өмсдөг.

Өвдөг хүртэл урт оймс

Өвдөг хүртэл урт оймс өмсдөг хүмүүс олширсон. Энэ төрлийн хүмүүс хэзээ ч зоригтой алхам хийхээс айдаггүй, өөрийнхөөрөө амьдардаг хүмүүс. Тэдэнтэй харилцахад үнэхээр хялбар бас чөлөөтэй. Бусдыг ялгаж үздэггүй зан нь тэднийг олон найз нөхөдтэй болгодог.

 
error: Мэдээлэл хамгаалагдсан !!