Хүнд хүчир амьдралыг туулж Холливуудын од болж чадсан алдартнууд

Бид өнөөдөр амжилтанд хүрсэн, өнгө мөнгөтэй харагдаж байгаа хүмүүсийг алтан халбага амандаа зууж төрсөн азтай хүмүүс хэмээн ташаа ойлгодог талтай. Магадгүй тэдний зарим нь үнэхээр л хөрөнгө чинээтэй гэр бүлд мэндэлж, хөлөө олох гэж зоволгүй, өнөөдөр алт эрдэнэс дунд бялхаж амьдарч байж мэднэ. Гэхдээ юм бүхэн хоёр талтай байдгийн адилаар бидний сайн мэдэх зарим алдартнууд хэн бүрийн дийлж гарахааргүй хүнд амьдралыг туулж өнгөрүүлсэн байдаг аж. Тэдний тэсвэр тэвчээр, цуцашгүй нөр их хөдөлмөр, тууштай зан зэрэг нь өнөөдрийн өндөрлөгт хүргэсэн билээ. Ингээд хамтдаа хүнд хүчир амьдралыг туулж гарсан алдартнуудын түүхтэй танилцъя. Энэ мэдээ магадгүй таны тэднийг харах өнцгийг өөрчилж мэдэх юм.

Чарлез Терон (Charlize Theron)

Оскар, Алтан Бээлий гээд л кино урлагийн алдартнуудад олгодог аль өнгөтэй, нэр хүндтэй гэсэн шагналуудыг түүсэн алдартай жүжигчин бүсгүй нь энэ жил 43 нас хүрч байна. Түүнийг харсан хэн ч, ямар амьдрал туулж гарсныг нь тааж тааварлаж чадахгүй. Түүний аав нь архинд донтсон байсан төдийгүй үргэлж ээжийг нь зодож хүчирхийлдэг байжээ. Жүжигчин бүсгүйг 15 настай байхад нь нэгэн орой аав нь сурсан зангаараа архи ууж согтоод, ахин ээжийг нь зодож, буу гарган тэднийг айлгаж, дээш чиглүүлэн буудсан байна. Яг энэ үед ээжийнх нь тэвчээр алдарч, бууг нөхрөөсөө булааж аван, түүнийг буудаж орхижээ.

Энэ бүхнийг нүдээр харсан охинд маш хүнд байсан нь гарцаагүй. Харин азаар ээжийг нь өөрийгөө хамгаалсан гэх үндэслэлээр, ямар нэгэн ял оноогоогүй байна. Чарлез тэр жилдээ нэгэн загварын агентлагтай нэг жилийн моделийн гэрээ байгуулж, мөн балетаар хичээллэж эхэлсэн аж. Бага байхаасаа л балетчин болохыг хүсдэг байсан ч, боломж олдохгүй байсаар хэдийн 15 нас хүрсэн байв. Тууштай хичээл зүтгэлийн үр дүнд тэр хурдан сайжирч, бусад олон жил хичээллэсэн чадварлаг охидтой эн зэрэгцэхүйц болж ирж байсан ч, 19 насандаа гэмтэж, ахин бүжиглэж чадахааргүй болов.

Сэтгэл санаагаар унасан охин амьдралаа шинээр эхлэхээр шийдэж, Лос Анжелес хотыг зорьсон бөгөөд таних хүнгүй газар хямдхан зочид буудалд хоноглож, мөнгөгүйн улмаас өлсөж үхэхэд төдхөн байсан гэдэг. 1995 онд тэрээр ээжийнхээ явуулсан 500 долларыг авахаар банк руу очиход, банкны теллэр түүнд мөнгийг нь өгөхийг татгалзсанд жүжигчин бүсгүй банканд байсан бүх хүмүүсийн анхаарлыг татаж, энэ шударга бус явдлыг тайлбарлаж, туслахыг хүссэн аж. Энэ бүхнийг харсан продюсер Жон Кросби бүсгүйд санал тавьж, 3 жил мэргэжлийн сургуульд сургаж, жүжигчин болох гарааг нь тавьсан байдаг.

Рөүз МакГован (Rose McGowan)

Үзэсгэлэнтэй жүжигчин бүсгүй нь Итали улсын Флоренс хотод амьдардаг Америк гэр бүлд төржээ. Түүний аав нь Италийн нэг төрлийн шашин болох “Бурхны хүүхдүүд”-ийн итгэгч бөгөөд түүний бага нас шашны үзэл суртлаас болж, тун ч бэрх өнгөрсөн юм. Энэхүү шашин нь бүлгийн хүмүүсийг гадны хүмүүстэй харилцах, холбоо тогтоохыг хориглож, сонин сэтгүүл, зурагт радиог үзэж сонсохыг ч дэмждэггүй байна.

Тиймээс тус шашинд итгэгч хүмүүс харанхуй өрөөнд залбирч суух ёстой аж. Үүнээс гадна шашны тэргүүнүүдийн зүгээс итгэгчдийг хоорондоо сексийн харилцаатай байхыг шаарддаг төдийгүй үүндээ хүүхдүүдийг хүртэл хамруулахыг хүссэн ч нь жүжигчин бүсгүйн аавын айдсыг төрүүлж, тэд тэрхүү аймшигт газраас зугтаж чадсан юм. Ингээд 9 настай охин гэр бүлийнхээ хамтаар Америк улсад хөл тавив. Удалгүй тэдний эцэг эх салж, охин ээжтэйгээ хамт амьдрах болсон байна.

Түүнийг 14 нас хүрэхэд ээжийнх нь хамтран амьдрагч, охиныг гэрээс явуулахын тулд ээжид нь Рөүзийг хар тамхинд донтогч хэмээн итгүүлж, эмнэлэгт хэвтүүлэхийг завдахад, охин зугтаж, эмээтэйгээ хамт амьдрах болсон юм. Тэрээр 16 настайдаа найз залуутайгаа хамт байхаар шийдэж эмээгээ орхиж, төрөл бүрийн цагийн ажил хийн амьдралаа залгуулдаг байв.

Харамсалтай нь удалгүй түүний найз залуу нас барж, охин гудамжинд хоноглодог болсон байна. Энэ бүх хэцүү явдлын дараа тэрээр 17 насандаа урлагийн сургуульд элсэж, жүжигчин болох гараагаа тавьж байжээ. Гэвч түүний зовлон шаналал үүгээр дуусгавар болсонгүй. 2007 онд тэрээр автомашины осолд орж, нүд болон нүүрэндээ шил зоож, хүндээр бэртэн, хагалгаанд орсон боловч, хуучин шигээ төрхтэй болж чадаагүй юм.

Жим Керри (Jim Carrey)

Одоогоор хамгийн өндөр үнэлгээтэй инээдмийн жүжигчин бол яахын аргагүй алдарт Жим Керри билээ. Гэвч түүний хүүхэд нас бусдын адил жаргалтай байгаагүй юм. Түүнийг хүүхэд байхад тэдний гэр бүл маш том санхүүгийн уналтанд орж, бүгд тус тусдаа ажил хийх шаардлагатай болов. Түүний аав ээж ажил хийж, ах эгч нар нь ч бас цэвэрлэгээний ажил хийж, бага ч атугай мөнгө олдог байв.

Жим ч мөн адил айлуудын жорлон цэвэрлэж, шал угааж цөөхөн хэдэн цент олдог байсан бөгөөд тухайн мөчөөс тэр ичимхий, бүрэг нэгэн болж өөрчлөгджээ. Мөнгөний асуудалд орсон гэр бүлийнхэн өрөө төлөхөөр өдөр шөнөгүй ажиллаж, олсон мөнгөө хоол ч болгож чадалгүй бусдад өгдөг байсан гэдэг. Орон гэргүй, өлмөн зөлмөн хүүхдүүд олдсон хэдэн центээрээ талх авч, хувааж идэж, өдөр хоногийн залгуулж байжээ.

Түүнийг 15 настай байхад анх аав нь комеди клубт аваачиж байсан боловч, Жимийн анхны тайз хүмүүсийн дургүйг хүргэж, ичгэвтэр явдал болон хувирсан юм. Гэвч тэр бууж өгөөгүй, өдөр бүр тайзан дээр гарч, хүмүүсийн хараалыг идэж байсан ч, өөрийн сонирхлоо дагасаар 2 жилийн дараа гэхэд бусдын үзэх дуртай уран бүтээлч болсон байлаа. Ингэж л түүний урлагийн карьер эхэлсэн байдаг.

Дэми Мур (Demi Moore)

Алдартай жүжигчин бүсгүйг төрөхөөс өмнө аав нь орхиж яван, ээж нь түүнийг цор ганцаар өсгөжээ. Түүнийг 3 сартай байхад нь ээж нь дахин гэрлэж, нэгэн сонины редактортой суусан ч, удалгүй хойд эцгийнх нь ажил дампуурч, гудамжинд гарахдаа тулжээ. Түүний ээж болон хойд аав нь архинд донтож, хэрүүл зодоон гэрээс нь салахаа байв. Дэми Мур багадаа шүдэндээ аппараттай, том харааны шил зүүдэг байсан тул ангийхан нь үргэлж гадуурхаж түүнд найз ч гэж байдаггүй байсан гэдэг. Охин үргэлж л гэрээсээ оргож зугтдаг байсан бол, 16 насандаа гэрээсээ нэг мөсөн явсан юм.

Тэрээр 17 насандаа Фредди Мур хэмээх алдартай хөгжимчин залууд дурлаж, хамт байхаар шийдсэн байна. Тус залуу нь Дэмитэй хамт байхын тулд эхнэр 2 хүүхдээ орхиж ирсэн бөгөөд үүнээсээ болж багагүй хэл ам дагуулж байв. Фредди нь жүжигчин бүсгүйн урлагийн карьерийг тавьж өгсөн хүн юм.

Харин түүний гэр бүлийн тухайд ээж нь архины донтолтойгоо тэмцсээр байсан бөгөөд эцэстээ хорт хавдраар өвчилж, нас барсан байдаг.

Опра Винпри (Oprah Winfrey)

Өнөө цагийн хамгийн хүчирхэг алдартан хэмээгддэг Опра нь дэлхий дахинаа өөрийн “Опрагийн шоу”-гаар танигдсан юм. Өөрийн өнгөрсөн болоод одоогийн амьдралынхаа тухай үзэгчдэд ний нуугүй хуваалцаж, нэвтрүүлэгт оролцох зочинтойгоо гайхалтай ойлголцож, ямар ч дарамтгүй, чөлөөтэй орчинг бүрдүүлгийг нь дурдахгүй байхын аргагүй юм.

Энэ олон жил өөрийн шоугаа олон нийтэд хүргэсэн түүнд хайртай хүн маш олон бий. Харин түүний өнгөрсөн амьдрал хүнд хэцүү байсан юм. Түүнийг 9 настай байхад 19 настай үеэл ах нь бэлгийн хүчирхийлэлд автуулж, түүнд хэзээ ч арилашгүй хар толбыг сэтгэлийнх нь гүнд сийлж орхисон байна.

Тэрээр ядуу зүдүү амьдралыг биеэр мэдэрч өссөн бөгөөд нас биенд хүрсэн хойноо эр нөхөртөө хаягдаж, ганц бие ээжийн үүрэг гүйцэтгэхийн хажуугаар телевизийн салбарт хүчин зүтгэхийг хүсэвч царай төрхнөөсөө болж гологддог байжээ. Хүнд, хүчир амьдралаас өдгөө од болтлоо зүтгэж чадсан түүний энэхүү чин зориг, сэтгэлийн хүсэл эрмэлзлэлийг үгүйсгэх хүн нэгээхэн ч үгүй биз ээ.

 
error: Мэдээлэл хамгаалагдсан !!