Модон дээр 2 жил амьдарсан бүсгүйн гайхалтай амьдрал

Түүний нэрийг Жулиа Хилл гэдэг. 1974 оны 2-р сарын 18-нд Миссурид мэндэлсэн. Тэрээр 23 настайдаа Калифорнийн хойд хэсэгт орших мод бэлтгэдэг компанийг эртний аварга модыг тайрч, мод бэлтгэхийг эсэргүүцэж буй байгаль орчныг хамгаалагчдын бүлэгт нэгджээ.

Байгаль орчны хамгаалагчид ээлж ээлжээр жижүүрлэж, модыг хамгаалж байсан боловч сүүлдээ тэд залхаж, жижүүрт гарахаас татгалзах болов. Харин Жулиа ганцаараа модыг хамгаалах болно хэмээн бусаддаа хэлээд, бүтэн 2 жилийг модон дээр амьдарч өнгөрүүлсэн байна.

Жулиа 738 хоногийн турш Луна хэмээх нэртэй 1000 настай модон дээр 180 футын өндөрт амьдарчээ. Өвдөж зүдэрсэн, өлсөж ядарсан, хүчтэй бороонд цохиулж, хүйтэн цасанд даруулж, мод тайрах гэж ирсэн хүмүүстэй тэмцэлдэж, хөөгдөж хөөцөлдөж,  түүний модон өнгөрүүлсэн өдөр хоногууд хүнд хэцүү зүйлсээр дүүрэн байсан. Гэсэн ч тэр эцсээ хүртэл бууж өгөөгүй юм.

Жулиа байж боломгүй нөхцөлд амьдарч байсан .Тэр хөл нүцгэн алхаж, багийн гишүүдээс олсоор дамжуулан хангамж авч, жижиг зууханд цай чанаж, мишокинд унтдаг байв. Тэрбээр нарны эрчим хүчээр ажилладаг гар утсаар дамжуулан дэлхий ертөнцтэй харилцдаг байсан аж.

Бүтэн хоёр жилийн тэмцлийн дараа мод бэлтгэлийн компани бууж өгөн, энэ төрлийн өн удаан настай, ховор төрлийн модыг тайрах ажлаа зогсоосон байна. Энд мэдээж Жулиагийн хийсэн зүйл олон. Тэрээр энэ талын судалгааг сонин сэтгүүлээр дамжуулан хүмүүст тарааж, юуны төлөө ийн тэмцэж байгаагаа ч хэлж, эцэстээ бусдын дэмжлэгийг хүртэж чадсан аж. Эртний ой модны ердөө 3% нь л үлдсэн бөгөөд хангалттай хамгаалалт, арчилгаа шаардагддаг болохыг олон нийтэд мэдүүлж чадсан.

Энэ үйл явдал 1990-ээд онд болж өнгөрсөн бөгөөд тэр цагаас хойш Луна мод 20 гаруй жил улам бүр өндөр болж, хүрээгээ тэлж ургасаар байгаа билээ. Жулиагийн тухайд Лунаг аварч эхэлсэн ажил нь олон хүнийг хамарч, зорилго нэгтэй хүмүүстэй нэгдэж, байгаль орчныг хамгаалсаар яваа юм. Түүний зоригтой үйлдэл олон хүнийг сэрээж чадсан төдийгүй зөв зүйлийн төлөө тууштай тэмцэхэд ялалт үргэлж ирдэг болохыг баталсан билээ.

 
error: Мэдээлэл хамгаалагдсан !!