Хамгийн амттай пирошки хийх 4 төрлийн шанзны жор

 

Амралтын өдрөөрөө амттай хоол хийж идэх хэрэгтэй шүү дээ. Энэ удаад та бүхэндээ пирошки хийх аргуудыг хуваалцахаар бэлтгэлээ. Энгийн нэг махтай пирошки биш бөгөөд 4 өөр төрлийн шанзаар бэлтгэх жоруудыг хүргэж байгаа юм. Та таалагдсан шанзаа сонгож, хийгээд үзээрэй.

Байцаатай пирошки

Байцаагаа жижиглэн хэрчинэ. Ургамлын тосоо халааж, дээр нь байцаагаа хийгээд зөөлөн гал дээр жигнэж болгоно. Давс, перец хийж өөрийн мэдрэмжээр амтлана. Өндгөө чанаж бэлтгээд, шоо дөрвөлжин хэлбэртэй хэрчинэ. Үүнийгээ байцаатайгаа хольж шанз бэлэн болно. Та өөрийн бэлтгэдэг аргаар гурилаа зуурч элдээд, шанзаа хийж чимхээд шараарай. Тосонд шарж болохоос гадна шарах шүүгээнд ч хийж болох юм.

Өндөг, будаатай пирошки

Будаагаа агшааж, өндгөө чанаж бэлтгэнэ. 3 ширхэг өндөг авч үрэгчээр үрээрэй. Ижил хэмжээтэй өндөг болон будааг хольж, дээр нь хэрчсэн ногоон сонгино, гоньд, хар перец, давс хийж амталж базаарай. Ингээд л үүнийгээ гурилан дээрээ тавьж чимхээд, шарна.

Пицца пирошки

Пицца хийхэд хэрэглэдэг орцуудаа ашиглаж, пирошки хийнэ. Хиам, бяслаг, өндөг, зайдас, төмс зэргийг ашиглаж болно. Эдгээрийг бүгдийг нь үрэгчээр үрж жижиглээд, шанз болгох ёстойг санаарай. Өндөг болон төмсийг чанаж болгоод ашиглаарай.

Төмстэй пирошки

Хамгийн энгийн болоод амттай пирошки бол яахын аргагүй төмстэй пирошки. Та чанаж нухсан төмсийг амтлаад, мөөг, мах, ногоон сонгино зэрэгтэй хольж шанз болгож болох юм.

 
error: Мэдээлэл хамгаалагдсан !!