Арьс арчилгааны хамгийн хямдхан бас хамгийн хэрэгцээтэй бүтээгдэхүүн: Мөс

Арьсаа аварч, гоёмсог, мөрөөдлийн болгоход хэр их мөнгө хэрэгтэй гэж бодож байна? Ихэнх хүмүүс асар их мөнгө гэж хариулах болов уу. Учир нь гоо сайхан, арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд өндөр үнэтэй байдаг. Тэгвэл та өөрөөсөө мөнгө гаргахгүйгээр арьсаа арчилж, чанга толигор болгож, олон олон арьсны асуудлаа шийдвэрлэж болно гэдгийг мэдэх үү? Тэрхүү арга бол ердөө мөс юм.

Та бүхэндээ мөсөөр хэрхэн арьсаа арчлах, хэрхэн асуудлаа шийдвэрлэх талаар мэдээлэл хүргэхээр бэлтгэлээ.

Батганаас салж болно

Хүйтэн жин тавих нь үрэвслийн голомт дахь цусны эргэлтийг сайжруулдаг. Үүний тусламжтайгаар үрэвслийг намдааж, батгыг түргэн эдгээнэ.

  • Хэдэн ширхэг мөсийг цэвэр даавуунд бооно. Үүгээрээ батгатай хэсэгтээ хэдэн секунд жин тавиад, буцааж авна. 2-3 минутын дараа ахин нэг дарна. 3 удаа давтаж хийгээрэй.
  • Үйлчилгээг улам бүр нэмэгдүүлэхийн тулд мөсөө хөлдөөхдөө усаа өргөст хэмхний шүүстэй холиорой.

Арьсыг гэрэлтүүлнэ

Бага температур нь арьсыг чангалж, үрчлээтэх, эрт хөгшрөхөөс сэргийлдэг. Мөн том нүх сүвийг чангалж, өөхний ялгаралтыг багасгадаг.

  • Өглөө нүүрээ угаасны дараа даавуунд боосон мөсөөр жин тавиарай.
  • Мөсөө хайлах хүртэл нүүрээ тойруулан мөсөөр дарж жин тавьна.
  • Ингээд нүүрээ тэр чигээр нь хатааж, чийгшүүлэх тос түрхэх хэрэгтэй.

Нүдэн доорх хар хүрээнээс сална

Нүдэн доорх хар хүрээ нь дутуу нойртой хонох, буруу хооллох, архины хэт их хэрэглээ, хэт их стресс, орчны бохирдол, харшил зэрэг хэд хэдэн шалтгаанаас үүдэлтэй байж болно.

Хэрэв таны нүдэн доор хар хүрээ үүссэн бол та хурдан арга хэмжээ авах боломжтой – энэ бол мөс. Энэ тохиолдолд өргөст хэмх, сарнайн устай хольж бэлтгэсэн мөс илү үр дүнтэй байдаг. Хүйтэн жин нь илүүдэл шингэнийг зайлуулж, ядарсан нүдний харагдах байдлыг мэдэгдэхүйц сайжруулахад тусална.

  • 1 өргөст хэмхний шүүсийг гаргаж аваад мөсний хэвэнд хийгээд хөлдөөнө. Мөсөө алчууранд боож, нүдний дор жин тавих хэрэгтэй. 5-10 минут болсны дараа нүүрээ бүлээн усаар угаана.

Нүүр цэвэрлэгч

Цэвэрлэгч мөс бэлтгэхийн тулд өргөст хэмх болон зөгийн бал ашиглаж болно. Өргөст хэмх нь арьсыг тайвшруулдаг бол зөгийн бал нь байгалийн хамгийн сайн чийгшүүлэгч тос юм. Энэ нь арьсны чийгийг хадгалж, толигор, зөөлөн болгоно.

  • Өргөст хэмхээ нухаж зуурмаг болгоно.
  • Үүн дээрээ зөгийн балаа нэмж хутгаарай.
  • Бэлтгэсэн зуурмагаа мөсний саванд хийж хөлдөөнө.
  • Мөсөөрөө нүүрээ арчиж, хайлуулна.
  • 5-10 минут болсны дараа нүүрээ угааж цэвэрлээрэй.
  • Долоо хоногт 2-3 удаа ашиглана.
 
error: Мэдээлэл хамгаалагдсан !!